Вьетнамын нийслэлээс хорь гаруйхан километрийн зайд Буддын шашны Дау гэж сүм байдаг байна. Энэ сүмд 300 гаруй жилийн тэртээ амьдарч байгаад гэгээрэлд хүрч , өөрийгөө мөнхөлсөн Ву Кхак Минь хэмээх гэгээнтний өмнө мөргөн залбирах хувь тохионо. Тэрээр хааны шадар албанд зүтгэж алдар хүндийн тавцан дээр баттай гишгэсэн хойноо эрх мэдэл, эд баялгаасаа татгалзаж мөргөл үйлдэн гэгээрэлд хүрэх замыг сонгожээ. Амьдралын сүүлчийн өдрүүдэд тэрээр шавь нараа дуудаж хонхны дуу сонсогдохоо болихын цагт над дээр ирээрэй гэж хэлжээ. Тэр яг зуу хоног мацаг барьж , бясалгал үйлджээ. Тэгээд Ву Кхак Минь өөрийг нь хүрээлэн зогссон шавь нартаа” Энэ ертөнцийг орхин одох цаг минь боллоо. Миний сүнс хальсны дараа оршуулалгүй нэг сар хараарай. Хэрвээ ялзарч муудвал ёс жаягийн дагуу оршуулна биз. Харин муудахгүй бол энэ хэвээр минь орхиорой. Би Будда бурхандаа мөнхөд залбирч сууя ” гэж хэлжээ. Нэг сар, хоёр сар өнгөрсөн боловч түүний цогцост ялзарч муудах шинж огт байсангүй тул үнэнч шавь нар нь өт хорхой хөндөхөөс сэргийлж бүх биеийг нь будаад амьдралын сүүлчийн өдрүүдийг өнгөрөөсөн суудалд нь буцаан залжээ. Түүнийг таалал төгссөнөөс хойш хэдэн зуун жил өнгөрчээ. Вьетнамд хаадын төр солигдож, Францын эрхшээлд орж , Япончуудад эзлэгдэж, Америкчуудтай дайтаж, түмэн зүйлийн үйл явдал болж өнгөрсөн ч эрхэм гэгээнтэн мөнхийн залбирлаа үйлдсээр суулаа. Үл итгэгчид түүнийг рентген туяагаар судалж үзээд баримал биш, хүний бие гэдэгт итгэхээс аргагүйд хүрчээ. Дэлгэцэн дээр түүний араг яс тодрон харагдаж, хамгийн гайхалтай нь дотор эрхтэн, тархи гээд бүх эрхтэн нь бүгд бүрэн байсан байна. Энэ нь Египетийн мумийг ч дагуулахааргүй гайхамшиг юм. Зуун хувийн чийглэгтэй, хэдэн сар дараалан усархаг бороо ордог , халуун бүсийн энэ оронд гэгээнтний цогцос ийнхүү хадгалагдсан нь эрдэмтдийн гайхашийг барж, Бурхны шашны гайхамшигийг хүлээн зөвшөөрөхөд хүргэж байгаа юм . Гуравхан ханатай, дөрөв дэх ханыг нь даавуун хөшиг орлосон агаар салхи чөлөөтэй орох орчинд ямар ч чийг нэвтрэхгүй , харин ч хатаж хуурайшин ердөө долоохон килограмм жинтэй болсон энэхүү цогцсыг харахуйд ялж төгс нөхцсөн Бурхан багшийн үнэнч шавь Ву Кхак Минь гэгээнтэн нүгэлт ертөнцийн хүмүүн бидэнд хүсэл шуналыг огоорч бодь мөрийн замыг хөөвөөс мөнхийн хутгийг олдгийг сануулах гэсэндээ өөрийгөө хөшөө болгон үлдээсэн мэт.