БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙН СҮРТ ЖАГСААЛ, СҮХБААТАРЫН ТАЛБАЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ
/Бурхан багшийн дүйчэн өдрийн тайлан цуврал-5/

Бурхан багшийн их дүйчэн өдрийг олон түмэнд сурталчилж өгдөг, хүмүүсийг буянд уриалдаг хамгийн том арга хэмжээ нь сүрт жагсаал билээ. Энэ жилийн жагсаалд манай холбооны нэрийн өмнөөс 100-д сүсэгтэн жагсаж Гандантэгчэнлин хийдийн төв талбайгаас Сүхбаатарын талбайн хоймор, төрийн ордны өмнө хүрэлцэн очлоо. Сүсэгтнүүд маань замдаа “Мэгзим” урьж уншин, нүүрэндээ инээмсэглэл баяр хөөр дүүрэн жагссан юм. Бурхан шашны төрийн бус байгууллагууд бурханы шашны гарын авлага, сургуулуудыг жижигхэн хэвлэж замын хажуугаар зогсож сонирхож буй хүмүүст тарааж байсан нь маш их үр өгөөжтэй, хүндээ хүрсэн ажил байсан юм. Жагсаалд оролцсон нийт сүсэгтнүүд Сүхбаатарын талбайд бэлтгэсэн суудалд сууж гавж Д. Нямсамбуу ламтаны удирдлагаар нийтээрээ бясалгал хийсэн. МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д. Чойжамц, Улаанбаатар хотын захирагч бөгөөд дарга С. Батболд, Жонан Ханчэн гэгээн зэрэг хүндтэй зочид мэндчилгээ дэвшүүлсэн. Мөн Гандантэгчэнлин хийдийн лам нар унзад н. Тулгын удирдлагаар Итгэл, Ганданлхавжаа, Жанлавцогзол, Чингисийн сан зэрэг номыг монгол хэлээр уншиж урьсан юм. Дуучин н. Далантай, н. Дэлгэрмөрөн, Б. Ариунбаатар, н. Дорждавга, Д. Жаргалсайхан, н. Номинжин зэрэг дуучид ая дуугаа өргөж, Жонон хамтлаг, УБ хотын шилдэг морин хуурчин хүүхдүүдийн хамтлагууд уран бүтээлээсээ толилууллаа. Энэхүү арга хэмжээг маш сайхан үзэгч сонсогчдын чихэнд, сэтгэлд ойртуулж хөтөлсөн хүмүүс бол МУ-н соёлын гавъяат зүтгэлтэн н.Чулуунбат, Ж. Бямбаа нар байлаа. Буян номыг арга хэмжээг хааж Гандантэгчэнлин хийдийн ОНХА-ны дарга, бурхан багшийн их дүйчэн өдрийн ерөнхий зохион байгуулагч Ж. Одгарьд ламтан үг хэлсэнээр энэ жилийн бурхан багшийн их дүйчэн өдөр маань амжилт бүтээл дүүрэн, ариун цагаан буянаар дэлгэрсэн сайхан болж жаргалаа. Бурхан багшийн дүйчэн өдрийг зохион байгуулахад маш олон хүний сэтгэл зүтгэл орсон. Голлон оролцсон, ачааны хүндийг үүрсэн байгууллагуудыг дурьдвал МБШТөв Гандантэгчэнлин хийд, Жавзандамба хутагт төв, Асрал-Гүнчэвжамбаалин төв, Олон улсын буддист нийгэмлэг, Таны буянд даган баясъя төв, Бакулаа ринчүүчий сан, Их майдар сан зэрэг байгууллагууд байсан юм. Бусад төрийн бус байгууллагууд, хувь хүмүүс бас идэвх зүтгэл гаргаж ажилласан юм.
Бидний үйлдсан буянаар эх болсон хамаг амьтан зовлонгийн далайгаас гэтэлж, бурханы хутгийг үтэр түргэн олох болтугай.