БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР

 

               Бурхны шашин анх Энэтхэгт мэндэлж, Төвдөд хэлд орж  улмаар Монголд төлөвшсөн гэсэн хэлц үг байдаг. Сүүлийн жилүүдэд бид, барууны орнуудын хөгжлийн гарц арга замуудыг судлан нутагшуулахыг хичээж, тэдний соёл  боловсролыг шагшин магтаж суух энэ зуурт, Өрнийхөн бидний бараг мартах шахсан Бурхны шашны сургаал номлол, ёс уламжлалыг өнөөгийн биднээс ч илүү нарийвчлан судалж, амжилттай өөриймшүүлж байгааг анзаарахгүй байж болохгүй. Тэд Бурхан багшийн их дүйчэн өдрийг жилээс жилд улам өргөн дэлгэр, утга  төгөлдөр тэмдэглэдэг болж байна.  НҮБ-аас энэ өдрийг улс орон бүр Эв нэгдлийн өдөр болгон тэмдэглэхийг уриалсан байдаг.

           Бурхан багшийн их дүйчин буюу жил бүрийн зуны тэргүүн сарын 15-нь, Бурхан багш эхээс мэндэлсэн хийгээд гэгээрлийн хутгийг олсон, мөн насан эцэслэж нирваан дүрийг үзүүлсэн, эдгээр 3-н чухал үйл давхацсан өдөр юм. Зарим оронд энэ өдөр сарыг бумтын хэмээн нэрлэдэг нь энэ өдөр (сард) хийсэн буян бум буюу зуун мянга дахин аривждаг хэмээн үздэгтэй холбоотой.       

         Буян гэж, хамгийн товчдоо: амьтны амь таслах, хулгай хийх, худал ярих, буруу хурьцах,  өс хонзон, шунал тачаал, буруу үзэл дадлыг тэвчиж бусдад туслахыг хэлдэг. Буяныг ихээр хурааваас хүмүүн бид энэ болоод хойд насандаа амар амгалан аз жаргалтай байна гэдгийг Бурхад  бодьсадва нар өөрсдийнхөө бодит туршлагаараа баталсан билээ.

           Бурхан багш. Бурхан багшийг бид,  Бурхных нь хувьд шүтэн дээдлэхдээ, Тэрээр тоолшгүй олон төрөлдөө буян бүтээж номыг хичээсээр, гэгээрлийн зам мөрийг олж, сэтгэлийн ариуслын байж болох дээд төвшинд хүрч, оюун чадамжийн хувьд төгс болсон бодит хүн гэдгийг нь дурьтан санаж хичээх ёстой. Түүний туулсан гайхамшигт зам мөр, хэзээ ч арилж бүдгэрэшгүй юм.

Үүгээрээ Тэрээр хүмүүсд зориулан ертөнцийг бүтээсэн, улмаар өөрт нь итгэгчдийн ивээлдээ авч, үл итгэгчийг залхаан цээрлүүлэгч бурхад-аас эрс ялгаатай. Харин Бурхан багш, хамаг амьтанд эхийн сэтгэлээр хандан тэдэнд туслагч нь мөн. Альваа амьтанд хандсан Бурхны хайр энэрэлийг юутай ч зүйрлэшгүй гэдэг ч, Түүний таалалыг эх хүний үрээ хайрлах, энэрэл нигүүсэлтэй төстэй гэсэн байдаг. Төстэй гэсэн нь зөвхөн эх хүний үрдээ хандсан сэтгэл л бурхны хайр энэрэлд дөхөж очно гэсэн санаа. Энэ утгаар нь бид бурхан ээж, дагина ээж, буянтай ээж гэхчлэн магтан дуулцгаадаг.

              Бурхан багшийн их Дүйчэн өдрийг тэмдэглэх ёс нь өнөө цагт бидний тэмдэглэдэг ихэнхи баяр ёслол наадам цэнгээнээс үлэмж ялгаатай. Товчдоо энэ өдөр сард та бид, Бурхан багшийн замналаар замнаж түүнийг даган дууриах учиртай.  Тухайлбал:

  • Энэ өдөр айл бүхэн бурхан тахилаа урьд урьдынхаас дэлгэр сайхан засч зул хүж асаан, хүн бүр өөрсдийн мэддэг маань мэгзэмээ уншин Бурхан багшийн лагшин зарлиг таалалын эрдмийг бахдан биширч, өөрийн бие хэл сэтгэлээрээ буян хураах ёстой.
  • Улсын баяр наадмаар айл бүхэн шахуу хонины бөөр гаргаж шөл ууцгаадаг бол, энэхүү Дүйчэн өдрөөр өрх бүр тодорхой тооны малыг сэтэрлэж амийг нь дархлах заншлаа дагавал  зохино.
  • Ихэнхи гэр бүлүүд шинэ жил, мартын 8-н болон бусад баяраар шампанск буудуулж, сархад хүртэж наргицгаадаг, харин энэ баяраар та бид аль болохоор архи тамхи болон, бусад хорт зуршлаасаа татгалзваас  буян ихээр хураана.
  • Ерөөс хэн нь ч бай тодорхой шалтгаар аав ээж, ах дүү, эхнэр нөхрөө гомдоосон бол энэхүү Дүйчэн өдрөөр дээрхи нүглээ чин сэтгэлээсээ наминчилж чадваас үр дүн нь бумаар  дэлгэрч гэр бүлийн дотор эрүүл саруул, дотно сайхан уур амьсгал буй болно.
  • Ялангуяа энэ өдөр сард Бурхан багшийн айлдсан сургаал номлолоос ганц өгүүлбэрийг  ч болтугай санаж ухаарваас түүний буян, мянган зул асааснаас ч илүү гэдэг.
  • Мөн энэ өдөр та бид, өөрийнхөө зан суртхуунд байгаа нэг боловч гэмийг санаж, түүнээ цаашид тэвчинэ хэмээн чин сэтгэлээсээ андгайлж, биелүүлвээс асар их буян хураах юм..
  • Та аймаг сум, баг бригад ер нь хаа ч амьдардаг байсан Маргааш эсвэл хэд хоногийн дараа тохиох Бурхан багшийн их Дүйчэн өдрөөр ойролцоох хүрээ хийддээ очиж мөргөл үйлдэнэ хэмээн төлөвлөсөн тэр агшнаас эхлэн, хийдээс ирэх хүртлэхи хугацаанд дээр өгүүлсэнчлэн их буяныг хураана.
  • Зөвхөн энэ өдөр төдийгүй, цаашдаа Та бид, бусдыг асарч энэрэх, тэдэнд туслахаар хандсан тохиол бүртээ өөрийгөө төдийгүй, тэднийг баярлуулж буян хураана гэдгийг санаарай
  • Аль болох олуулаа бүтээсэн буян аривждагийг, мөн бусдын үйлдэж буй буянд даган баясваас тэдэнтэй адил буян хурдагийг ч энэ өдрүүдэд та мартаж болохгүй.

Манай оронд бурхан тахилгүй айл бараг байдаггүйтэй холбогдуулан хэлэгдсэн Монгол айл бүр нь сүм байдаг гэсэн үг бий. Үүнчлэн уламжлагдаж ирсэн Монгол дахь бурхны шашны өвөрмөц соёл-д хамаарах ёс заншил, өв уламжлалын талаар л энд өгүүлэв. Өөрөөр хэлбэл энд шинэ зүйл  нэгээхэн ч үгүй гэсэн үг.

Энэхүү их дүйчэн өдрөөр санаж тунгаавал зохих Бурхан багшийн зарим сургаал эшлэлүүдээс дурьдваас::

  • Өөрийгөө ялах нь дайны талбарт түм буман цэргийг ялснаас ч илүү.

(Бурхан багшийг ялж төгс нөхчсөн… гэхчлэн магтан алдаршуулдаг нь, өөрийгөө ялж, зовлонгоос эгнэгт ангижирсан гэсэн утга болохыг та юу эс андах билээ.)

  • Зэв төмрөөс үүсч эргээд төмрөө иддэг шиг, нүгэл хүнээс буй болж, эргэж хүнээ иддэг.
  • Өөрийг нь харааж зүхлээ, зодож занчлаа гэж бодож буй хүний гомдол хэзээ ч тайлагддаггүй. Гомдлыг зөвхөн мартаснаар тайлдаг.
  • Хүмүүнд дайснаас нь илүү хор хөнөөлийг, гагцхүү сэтгэл нь учруулдаг.
  • Халбага, хоолны амтыг мэддэггүйтэй адил, мунхаг хүн ухаантны сургаалыг ойлгодоггүй.
  • Хүмүүс шунал хүслээ дарснаар л эрх чөлөөтэй болдог.
  • Алдааг нь сануулж, нүглийг нь хэлж ухааруулагчийг, нуугдсан эрдэнийг нь олж өгсөн хүнтэй адил хүндлэн дээдэл.
  • Зэрлэг амьтнаас бүү ай, муу нөхрөөс л ай. Зэрлэг араатан зөвхөн биеийг тань гэмтээнэ, муу нөхөр сэтгэлийг тань сэвтүүлнэ.
  • Хүн ямар нэгэн юманд ээнэгшин дассанаас, түүнийхээ нөлөөнд автан, юмсыг үнэн мөнөөр нь харж чадахгүй болдог..
  • Зөв сургаалыг мэдэлгүй зуун жил амьдарснаас, түүнийг мэдээд ганц хоног амьдарсан нь дээр.
  • Сэтгэл хангалуун байх нь хамгийн их баялаг.
  • Хүн үхнэ гэдэгтээ санаа зовж шаналахаа больмогц, нам гүм энх амгалан болдог. Мөн чанарыг ойлгож хичээсэн хүмүүнд үхэл гэж ерөөсөө байдаггүй.
  • Хүмүүний сэтгэл ариусвал, түүний эргэн тойрны бүх юмс ариусдаг. Сэтгэл ариун бол ертөнц ариун.
  • Хаадын хаан нь ҮНЭНИЙ ХААН юм.
  • Улс орныг удирдахын тулд, эхлээд та, өөрийн сэтгэлээ залж чаддаг бол !
  • Гэмт хэрэгтэнд энэрэнгүй нигүүлсэнгүй ханд. Түүнийг хэзээ ч үзэн ядаж болохгүй.
  • Хэрэв чухал сайд нь улс гүрнийхээ эрх ашгийг умартаж, хувийн сонирхолдоо хөтдөгдөн, ..хээл хахууль авваас нийгмийн ёс суртхуун доройтож, хүмүүс бие биенээ хууран мэхэлж, эрх дархтай нь сул доройгоо басамжлан доромжилж,..баян нь ядуугаа хууран мэхэлж, шудрага ёс алдагдан, зовлон зүдгүүр гай гамшиг үлэмж ихсэнэ.
  • Хүн эцэг эхдээ юугаар ч төлж барахааргүй өртөн байдаг. Тэрээр эцгийгээ баруун, эхийгээ зүүн мөрөн дээрээ үүрч, зуун жил яваад ч энэ их өрийг төлж чаддаггүй.
  • Нөхөрлөж болох хийгээд үл болох хүнийг ялгаж сур.
  • Хүмүүс Бурханы мөн чанартай боловч тэр нь хорвоогийн шунал тачаалын тоосонд дарагдчихсан байдаг тул ил гаргаж ирэхэд бэрх. Харамсалтай нь хүмүүс тэрхүү мөн чанарыг байхгүй хэмээн үздэгээс төөрөгдлөөсөө гарч чаддаггүй.
  • Хүсэл шунал, уур хилэн, мунхаг гурав бол энэ хорвоод дүрэлзэж буй гал юм, хүмүүс энэ гал дунд байгаагаа мэддэггүй.
  • Хүмүүс үл хөдлөгч, үл бузартсан, жинхэнэ сэтгэлээ олж, өөрийн мөн чанартаа эргэн орох боломжтой.
  • Бурхан багшийн сургаалыг таньж мэдсэн хүн, Түүнээс холдож чаддаггүй. Учир нь Түүнийг сонссон хүн бүрийн сэтгэлд баяр баясгалан төрдөг.

Эцэст, Их дүйчэн гэдэг нь ИХ ЦАГ гэсэн үг гэдэг бөгөөд энэ утгаар нь ИХ БОЛОМЖ бас болгоомжлол хэмээн ойлгож болно. Учир нь энэ өдөр та буян бүтээвээс бумаар аривжихын сацуу нүгэл ч мөн түүнчлэн үржихийг санавал зохино.

 

Түмэн олныхоо буянд даган баясч, Буддын гүн ухаан судлалын Жавзандамба хутагт төвийн сонсогч Дэчин овогт Донторын Бухбат үүнийг бичиглэв.