ЮНЕСКО-ийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн Ази Номхон далайн бүс нутгийн өвд бүртгэсэн “Мэргэд гарахын орон”-ы модон барыг сурталчлах батламжийг Үндэсний номын санд залах ёслол өнөөдөр боллоо.

Тус арга хэмжээний үеэр ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт Монгол улсаас 2016 онд “Мэргэд гарахын орон”-ы модон барыг Ази-Номхон далайн бүс нутгийн өвд бүртгэсэн батламжийг албан ёсоор хүндэтгэн залахтай холбогдуулан номын бар нь урт удаан хугацаагаар хадгалж болдог, эдэлгээ даадаг, цаас бэхний бололцоо байвал номыг дахин дахин хэвлэж болдог ач холбогдолтой баримтат өв гэдгийг харуулсан “Монгол барын соёл ба Мэргэд гарахын орон” үзэсгэлэнг 30 орчим үзмэрээр дэлгэн үзүүлсэн байв. Мөн, “Цог цагийн хүрдэн” соёлын төвөөс хэрэгжүүлж буй Ганжуур, Данжуур төслийг танилцуулан сурталчлах зорилготой байв.

Монгол Улсын Үндэсний номын сангийн дарга Б.Ичинхорлоо:

“Мэргэд гарахын орон нэрт тогтоосон даяг” бол чухамдаа ердийн нэг орчуулгын толь ч биш, төвд “Ганжуур”, “Данжуурыг” орчуулахад зориулсан дорно дахины их, бага арван ухааны нэр томъёоны журамласан толь юм.Дэлхийн оюуны хосгүй үнэт бүтээл болсон Ганжуур Данжуурын урт удаан хадгалж хамгаалах нөхцлийг бүрдүүлэх, үр хойчдоо үлдээх, монгол түмний оюуны давтагдашгүй их өвийг уламжлан авч улам хөгжүүлэх, нийтээрээ үзэж судлах зорилгоор “Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв, ШУА, Олон Улсын Монгол Судлалын Холбоо, МУИС, МУБИС, Үндэсний номын сан зэрэг эрдэм шинжилгээ, боловсролын салбарын төлөөллөөс бүрдсэн Эрдмийн зөвлөл хамтран Ганжуур, Данжуурыг орчин цагийн кирилл бичигт буулгах нөр их ажил болох “Монгол Ганжуур, Данжуурын хөрвүүлэг” төслийг 2010 оноос өнөөг хүртэл хэрэгжүүлж байна” гэлээ.

Шинжлэх ухааны нэвтэрхий толь болох Монгол Ганжуур Данжуур нь монгол хүмүүн бүрт үндэстний бахархал, итгэл үнэмшлийг бий болгох, монгол хэл бичгийн сонгодог найруулгатай танилцах, ертөнцийн зүй тогтол хийгээд аливаа юмсын чинад инад утга учрыг танин мэдэхэд чухал ач холбогдолтой.