2019 оны 09 сарын 06 ны өдөр Номын их хүрээ Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан” Их цогчэн дуганы нээлтийн үйл ажиллагаа, “Самвад III олон улсын хурал”, “Хүрээ цам-даншүг наадам 2019” зохион байгуулагдах гэж байна.

Энэ жил VIII Богд Жэвзундамба хутагтын мэлмий гийсний 150 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Гандантэгчэнлин хийдийн зүгээс хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ–ны захиалгаар Гандантэгчэнлин хийдийн 1080 лам хурах “Батцагаан” Их цогчэн дуганын барилгын зураг төсөл боловсруулах, сонгон шалгаруулах ажил 2006 оны 10 дугаар сард зарлагдан 2007 оны 1 дүгээр сард сонгон шалгаруулалт болж байсан юм. Сонгон шалгаруулалтад барилга архитекторын ”Сүлд проект” ХХК шалгарч ажлын зураг боловсруулах дараагийн ажил эхэлсэн.

2008 онд “Макс өргөө” ХХК нь талбай чөлөөлөх, газар шорооны ажлыг хийж гүйцэтгэснээр “Батцагаан” Их цогчэн дуганын ажил эхэлсэн байна. Ийнхүү 2009 оноос гүйцэтгэгч болох “СНС” ХХК нь барилга угсралтын ажлыг он ондоо хуваарилагдсан хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсээр ирсэн. “Батцагаан” Их цогчэн дуганын бүтээн байгуулалтыг зөвхөн монгол ажилчдаар бариулан дуусгаж байгаа бөгөөд албан бус тоогоор 1500 гаруй монгол ажилчид ажиллаж 21212 м2 талбай бүхий 7 давхар дуганы барилгын ажлыг захиалагч МБШТГандантэгчэнлин хийдэд хүлээлгэн өгч буй юм.

Ийнхүү түүхэн дурсгалт, олон зууны туршид дурсагдах өв соёл болсон Цогчэн дуган ашиглалтанд орлоо. “Батцагаан” Их цогчэн дуганыг бүтээн босгосноор Монголын бурханы шашинтануудын шүтэх бишрэх эрх хангагдаж, МБШТ Гандантэгчэнлин хийдийг зорин ирэх гадаад, дотоод жуулчид, зочид төлөөлөгчид, сүсэгтэн олны зайлшгүй үзэх нэгэн сүм болох юм.

Мөн 2019 оны 9 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд Хиндү болон Буддын шашинтануудын санаачилгаар “Самвад” олон улсын гуравдугаар хурал “Батцагаан” цогчэн дуганы нээлтийн ёслолд зориулан зохион байгуулагдах ба хуралд 80 гаруй орны зочид төлөөлөгчид хүрээлцэн ирэх юм байна.