Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 109 жилийн ойн баярын мэндийг та бүхэнд хүргэе. Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, орчин цагийн Монгол Улсын туурга тусгаар, бүрэн эрхт халдашгүй байдлын эхийг тавьсан Үндэсний эрх чөлөөний хувьсгал, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр жил бүрийн энэ өдөр тохиодог билээ.
1911 оны зун Халхын ноёд, томоохон мяндагт лам нарын оролцсон нууц чуулган Их Хүрээнд болж тусгаар улсаа сэргээн байгуулах, хаант Оросоос дэмжлэг гуйхаар хэлэлцэн тогтжээ. Ингээд Монголын төлөөлөгчдөөр Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Өмнөд Монголын Хайсан нар явж тусламж хүсэхийн зэрэгцээ төмөр зам тавих, шуудан харилцаа өргөтгөх хэлэлцээр байгуулах санал тавьжээ.
Оросын Засгийн газар Манж, Монголын хооронд зуучлан, монголчуудын язгуур эрх ашгаа хамгаалах явдлыг дипломат замаар дэмжих шийдвэр гаргасан байна. Харин 1911 оны аравдугаар сард Хятадын өмнөд мужид хөрөнгөтний хувьсгал гарч, Манжийн хааны байр суурь ихээхэн суларсан учир “Халхын хүрээний газрын хэргийг түр эрхлэн шийтгэх газар” хэмээх түр засгийн газрын шинжтэй байгууллага байгуулж Монголын тусгаар тогтнолын бэлтгэлийг хангажээ. Тухайлбал тус газраас гадаад, дотоод монгол, хөх нуур, барга, альшаа зэрэг бүх Монголын засаг ноёдод Жавзандамба хутагтыг хаанд өргөмжлөн тусгаар улс байгуулах тухай мэдэгдэж, тус тусын харьяат хошуу нутгийг цэрэг томилон хамгаалах, манж, хятад түшмэдийг хөөн гаргах тушаал хүргүүлжээ.
Ингээд 1911 оны 12 дугаар сарын 29-нд Жавзандамба хутагтыг шашин, төрийг хослон барьсан наран гэрэлт, түмэн наст Богд хаан хэмээн Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөх их ёслолыг Их хүрээнд хийж тусгаар тогтносон Монгол Улс байгуулагдсаныг албан ёсоор тунхаглажээ. Тусгаар тогтнолын энэ өдрийг 1941 он хүртэл жил бүр дурсан тэмдэглэдэг байв. Богд хаан анхны зарлигаараа таван яам бүхий Засгийн газар байгуулжээ. Монголын төр сэргэн байгуулагдмагц нийт монголчууд даяар тусгаар улсдаа нэгдэн нийлэх хөдөлгөөн өрнөсөн билээ. Их хүрээ дэх Манжийн амбан сайдыг 1911 оны 12 сарын 4-нд, Улиастай дахь Манжийн жанжинг 1912 оны 1 сарын 12-нд хөөн гаргаснаар халх монгол 220 жил тогтсон Манжийн ноёрхлыг түлхэн унагаасан юм.
Хөлөнбуйрын баргууд 1912 оны 1 сарын 2-нд манж түшмэдийг хөөн гаргаж, Монгол Улсад нэгдэн орж буйгаа албан ёсоор илэрхийлжээ. Харин Ховдын хязгаар дахь Манжийн амбан эсэргүүцсэн тул цэргийн хүчээр 1912 оны 8 сарын 7-нд эзлэн авсан байдаг. Мөн Дарьганга 1912 оны 3 сард Богдын Засгийн газрыг хүлээн зөвшөөрч, Монгол улсад албан ёсоор нэгдэн орсон юм. Өмнөд Монголын хувьд 49 хошууны 35 нь Богдын Засгийн газрыг хүлээн зөвшөөрч, Монгол Улсад нэгдэн нийлэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Энэ бол оюун санааны хувьд нэгдмэл буюу нэгэн шашны шар туган дор Оросын судлаачийн хэлснээр зөрж хэвтсэн арслан мэт эвтэй байсны илрэл юм. Гэвч Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласаныг хөрш хоёр орон хүлээн зөвшөөрсөнгүй.
Орос-Японы 1907 оны 7 сарын 30-ны гэрээнд “Японы эзэн хааны засгийн газар Орос улсын гадаад Монгол дахь тусгай сонирхлыг хүлээн зөвшөөрч, тэрхүү сонирхолд хохирол учруулж болохуйц аливаа оролдлогоос татгалзахыг үүрэг болгоно” гэжээ. Монгол нь Оросын хувьд худалдаа, эдийн засгийн ашиг сонирхлын бүс нутаг байсны зэрэгцээ түүний алс дорнод дахь хилийн аюулгүй байдлын хувьд стратегийн чухал ач холбогдолтой байв. Тиймээс Орос улс Монголыг өөрийн нөлөөний бүс гэдгийг Япон төдийгүй Англи, Францаар хүлээн зөвшөөрүүлээд байсан юм. Гэхдээ тэд Монголын тусгаар тогтнолыг бүрэн дэмжих бодол байсангүй. Монголын асуудлаас болж бусад гүрнүүдтэй харилцаагаа хурцатгах ялангуяа Хятадтай сайн хөршийн харилцаагаа бусниулах сонирхолгүй байв.
Үнэхээр ч зэрэг шахам Манжийн ноёрхлоос гарсан Хятадын бүгд найрамдах улс Монголыг өөрийн нэгэн муж гэсэн байр суурийг тууштай баримталж, түүний тусгаар тогтнолыг сонсохыг ч хүсэхгүй байсан юм. Гэвч Монголын бодит байдал болон хууль ёсны Засгийн газрыг огт хэрэгсэхгүй байж чадаагүй юм. 1912 оны 10 сард хаант Орос болон Монголын хооронд найрамдлын гэрээ болон худалдааны протокол байгуулсан. Энэхүү гэрээгээр Орост худалдааны давуу эрх олгосны зэрэгцээ Оросын зүгээс гадаад Монголд автономит засаг байгуулах, Хятадын цэрэг нутагтаа оруулахгүй байхад нь туслах үүрэг хүлээжээ. Орос болон Хятад Монголын асуудлаар нэлээн удаан маргасны эцэст 1913 оны 10 сарын 23-нд Монголын тухай тунхаг гаргасан. Түүнд Орос улс, Монгол дахь Хятадын эзэн эрхийг хүлээн зөвшөөрсөн бол Хятад улс гадаад Монголын автономитыг хүлээн зөвшөөрчээ.
Мөн энэ үеэр Урианхайг Орос, Алтайн хязгаарыг Хятад авахаар хэлэлцэн тохирсон байна. Ингээд 1914-15 оны Монгол, Хятад, Орос гурван улсын Хиагтын хэлэлцээрээр Монгол Улсын тусгаар тогтнолын статусыг эвдэж, зөвхөн гадаад Монгол нь Хятадын эзэн эрхийн дор орших, автономит улс гэсэн статусыг тулган хүлээлгэсэн төдийгүй газар нутгийн хувьд Халх дөрвөн аймаг, Ховдын хязгаараас бүрдэнэ гэж заажээ. Гэвч Гадаад Монгол нь өөрийн эзэн хаантай, үндэсний Засгийн газартай, тодорхойлон тогтоосон хил хязгаартай, үндэсний цэрэг армитай байх, бусад улстай худалдаа, үйлдвэрийн салбарт гэрээ, хэлэлцээр байгуулахыг хоёр хөрш нь хүлээн зөвшөөрсөн юм. Богд хаант Монгол Улс байгуулагдсаны дараа монгол үндэстэнг нэгтгэн Нэгдмэл Монгол Улс байгуулахыг Монголын тухайн үеийн эрх баригчид эрмэлзэж байв. Богд хаант монгол улсад Өвөр Монгол болон бусад монголчууд нэгдэх эрмэлзлээ илэрхийлж, хуучин Манж Чин улсын харьяаны монголчуудын хэмжээнд бослого, хөдөлгөөнүүд газар сайгүй өрнөж байлаа. Үүнийг эсэргүүцэн Манж Чин улсын дарлалыг авч хаян Дундад Иргэн улсыг байгуулсан хятадууд өөрсдийгөө манж нарын өв залгамжлагч гэж үзэн хуучин Манж Чин улсын нутагт гарсан үндэстнүүдийн тусгаар тогтнох эрмэлзэл бүхий эсэргүүцэл, тэмцлийг цэрэг, зэвсгийн хүчээр нухчин дарж эхэлсэн. Түүхийн ийм эгзэгтэй үед Богд хаан Монгол улс, Өвөр монголчуудыг Хятадын дарлалаас чөлөөлөх, өөрт сайн дураар нэгдсэн монголчуудыг нэгтгэж, хязгаар нутгаа батлан хамгаалах зорилгоор Чуулалт хаалга, Бат хаалга, Долнуур, Хөх хот, Бугат хотын чиглэлд таван замаар их цэрэг хөдөлгөв.
Өвөр Монголыг чөлөөлөх таван замын цэргийг ерөнхийлөн захирагч жанжнаар Манлайбаатар Дамдинсүрэнг зарлигаар томилсон. Таван замын цэргийг дараах байдлаар хуваан мордуулсан байна. Үүнд: нэгдүгээр зам Егүзэрийн хийдийн чиглэлд бэйсийн зэрэг туслагч Чимидцэрэнгийн удирдсан цэрэг.
Хоёрдугаар зам Дарьгангын чиглэлд дэс түшмэл чин зүтгэлт гүн Хайсан, дэд сайд Бавуужав нарын цэрэг. Гуравдугаар зам Сөнөдийн хоёр хошуу, дөрвөд вангийн чиглэлд дэд сайд, бишрэлт бэйс Насан-Аривжихын цэрэг. Дөрөвдүгээр зам Хөх хотын чиглэлд, сайд гүн Сономдоржийн цэрэг. Тавдугаар зам Урадын гурван гүн, Хатан голын чиглэлд, дэд зэрэг түшмэл Зүтгэлтийн цэрэг тус, тус хөдлөжээ. Эдгээр чиглэлд нийт арван мянган цэрэг байсан гэж үздэг. 1913 оны дунд үеийн Монгол цэргийн тоог 4300 гаруй, түүн дээр 3500 орчим орон нутгийн сайн дурын цэрэг байсан гэж үздэг.
Дундад иргэн улсын ерөнхийлөгч Юан Ши Кай Монголын эсрэг далан мянган цэрэг татаж, их буу, явган цэргээс бүрдсэн орчин үеийн зэвсэглэл бүхий армийг эмхлэн байгуулж, маршал Ван Хуайчинаар удирдуулан хөдөлгөлөө. Тэр маршалд өгсөн бас нэг нууц даалгавар нь Дэмчигдонров вангийн өргөөнд хадгалагдаж буй Хубилай хааны тамгыг ямар ч хамаагүй аргаар авчрах явдал байв. Хүчний ийм харьцангуй нөхцөлд Манлай Ван Дамдинсүрэнгээр удирдуулсан Монголын цэрэг хэд хэдэн амжилттай байлдааны ажиллагаа явуулж Өвөр Монголыг чөлөөлж Монгол Улсдаа нэгтгэх боломжтой болж байлаа. Харамсалтай нь цэргийн тоогоор давуу ч тулалдааны явцад ихээхэн хохирол амссан Хятадын талын шахалтаар Хаант Орос улс Монголыг байлдааны ажиллагаанаас татан гаргаж гурван улсын хэлэлцээрийн ширээнд хүчээр суулгасан юм. Хэдий тийм боловч 1921 оны ардын хувьсгалын үндэс суурь бэлтгэл буюу удиртгал болж өгснөөрөө чухал ач холбогдолтой юм.
1911-1915 он хүртэлх хугацаанд таван яам байгуулж, таван замын цэрэг гарган Өмнөд Монголыг чөлөөлж, хамаг Монголыг нэгэн тугийн дор нэгтгэх зэрэг асар их ажил амжуулж чадсан нь монголчууд хоорондоо эв найртай байсны зэрэгцээ Чингисийн угсааны төрийн туршлагатай язгууртнуудын улбаа хэвээрээ байсны илэрхийлэл юм.
Аливаа улс оронд тохиох хамгийн эрхэм ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛТ болон ТУСГААР ТОГТНОЛЫН ойн баярууд билээ.
Даяар монголчууддаа Тусгаар Тогтнолоо Сэргээн мандуулсаны 109 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Төр төвшин
Шашин маш тунгалаг
Түмэн олон ухаан сэцэн орших болтугай!