Монголын нийт лам хуврагууд нэгдэж “Асралын аян 2“ сайн үйлсийн аян өрнүүллээ. Өнгөрсөн жил “АСРАЛЫН аян 1” зохион байгуулж УОК-т 10 гаруй сая төгрөг болон хэрэгцээт зүйлсийг өргөж байсан бол энэ удаад Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 109 жилийн ойн баяртай холбогдуулан хүнсний дутагдалтай 300 гаруй айл өрхүүдэд хишиг тараажээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Монгол лам нарын чуулган холбооны бүхий л лам хуврагууд сэтгэлийн хандив өргөж 12-р сарын 28-нд 15 машинтай 60 лам нарын төлөөлөл бүрэлдэхүүнтэй хүмүүнлэгийн баг нийслэлийн 6 дүүргийн тусламж нэн шаардлагатай байгаа 300 гаруй айл өрхөд 1 айлд 50.000 төгрөгний үнэ бүхий мах, гурил, аарц, ургамлын тос хүргэж өгсөн байна. Уг үйл ажиллагааны явцад УОК, НОК-оос гаргасан шийдвэрийн дагуу зайнаас харьцах, хамгаалалтын хувцас, амны хаалт, бээлий хэрэглэж зохих заавар журмыг чанд мөрдөн ажилласан байна. Уг үйлдсэн буяны үрээр Аюулт өвчин түргэн амирлаж Ард олон энэрэл асрамжаар найрамдаж Улс Монгол орон маань мандан бадарч Даян дэлхийд амар амгалан тогтож Өлзий хутагийн цог бадран дэлгэрэх болтугай.