Чихэр амттай ч цаас нь муухай бол түүний  худалдан авалт буурсаар л байх болов уу.  Тэр чихрийн амтыг нь мэдэхгүй зөвхөн өнгөн талаас нь дүгнэх залуу үе түүнийг бүр ч идэхгүй, шохоорхохгүй.

Тэгвэл Монголчууд бидний дийлэнх нь шүтэн, хүндэтгэдэг Бурханы шашин буюу Буддизм олонд хүрэх арга барилаа өөрчлөхгүй аваас цаасан доторх чихэр амттай буюу агуулга нь агуу ч гадна төрх нь хуучин үхмэл хэвээр байваас сонирхол татах сэдэл улам бүр буурсаар байх.

Харин сүүлийн үед Жавзандамба Хутагт Төв бурханы шашны ойлголтыг түгээн дэлгэрүүлэх гэхээсээ танин мэдүүлэх, мэдлэг олгох анхан шатны сургалтаас эхлэн гүнзгий шатны хичээлүүдийг олон нийтэд үнэ төлбөргүй хүргэж буй нь анхаарал татсаар байна. Ингэхдээ бүр айхтар бясалгаж, гүнзгийрэхээсээ илүү эгэл бидэнд ойлгомжтой байх талд анхаарч инээлгэн баясгаж, сэтгэлийн тайвшралыг өгч буй энэ сургалтын төвийн багш Д.Нямсамбууг бид “Өглөөний хүн” буландаа урилаа.

Гавж хэмээх бурханы шашны эрдмийн хамгийн “том” цолыг 29 насандаа барьсан Д.Нямсамбуу багш 10 жил Хойд Энэтхэгийн  Брайбүн хийдэд шавилж дараа нь Английн Сандерландын Их сургуульд шашин судлалаар сурч байсан юм.

Энэ яриа бурханы шашинг түгээж сурталчлах гэхээсээ танд танин мэдүүлэх сэдлийг өгөх зорилго нь илүү бөгөөд шашны гүн гүнзгий сэдвийн тухай, орчин цагийн олон эргэлзээний тухай цаг хугацаанд баригдан “илээд” л өнгөрөх төдий.

Гагц бурханы шашин, бусад шашны талаарх орчин үеийн залуусын нийтлэг мэдлэгт жаахан ч атугай танин мэдэх сэдэл өгөх зорилго оршмой.

 

1. БУДДИЗМД БУРХАНЫ ШАШИНД ЗААВАЛ ИТГЭЖ БАЙЖ ТЭР ХҮН САЙН БОЛНО ГЭЖ НОМЛОДОГГҮЙ

– Сүүлийн үед олон улсад шашнаас үүдсэн сөргөлдөөн, мөргөлдөөн их болж байна. Энэ үед шашин ер нь бидний амьдралд хэрэгтэй юу гэдэг асуудал улам бүр урган гарч байх шиг байна. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?
– Энэ үзэгдэл зөвхөн сүүлийн үед гарч буй биш, бүх цаг үеийн урхаг асуудал юм. Яг өөртэй чинь ижил бодол надад төрдөг. Шашин бидэнд өгсөн нь их юм уу, авсан нь их юм уу. Сайн нь их юм уу, муу нь их юм уу.

Жишээ нь, католик, протестант хоёрын зуун дамнасан дайн болж байсан. Хэдэн сая хүнийг хамгийн харгис, хэрцгийгээр буюу хүүхэд, эмэгтэй, жирэмсэн гэлтгүй хядаж байсан дэлхийн түүхэн дэх хамгийн харгис дайны нэг. Энэ бол нэг шашны сект хоорондын дайн. Мөн хэдэн зуун дамнасан загалмайтны ариун дайн, шийт сунитүүдийн дайн, хинду исламын дайн, жүүд ислам гээд хөвөрч өгнө. Тэгэхээр энэ бол бодууштай сэдэв.

Гэхдээ эдгээр болгоны цаад шалтгаан нь юу вэ гэж бодох нь зөв.

– Цаад шалтгаан гэдэг нь та тухайн шашных нь онолыг хэлж байна уу?
– Шашин болгоны эерэг тал нь шүтэн бишрэгч нартаа ёс суртахууныг, зөв сайн байхыг, эрхэмлэлийн эрэмбийг өгдөг.

Энэ нь өнгө мөнгө, нэр алдар ч юм уу, бидний шунан дурлах аз жаргалаас илүү ёс суртахуун ч юм уу бусад үнэт зүйлс байдаг, зөв хуурмаггүй явах нь өөрт ашигтай гэж итгүүлдэг гэсэн үг. Тэгэхээр зөв бурууг зохицуулан шүүгч механизм хэрэгтэй, Монотеист шашнууд, жишээ нь ислам, христын шашинд Эзэн зохицуулна гэж үздэг.

Нэгэнт үнэн зөвийн туйл нь, Үнэн өөрөө Эзэн Бурхан юм гэж үзэж буй тул, үнэн зөв байх ёстой гэсэн итгэл үнэмшлийг өөрийн шашны буюу тухайн Тэнгэр, Бурхандаа итгэх үнэмшлээс ялгаж салгахаа байчих тохиолдол элбэг.

Магадгүй өөрт нь төрөх зөв байх эрмэлзэл шашных нь итгэл үнэмшилтэй холбоотойгоор төрдөг байж болох ч, үнэн зөвд итгэх үнэмшил заавал Эзэн Бурханыг хүлээн зөвшөөрч байж төрөх албагүй гэж хардаггүй.

 Шашин гэдэг магадгүй  өөрийгөө бусдаас дээгүүр тавих, бусдыг ялгаварлан гадуурхах нэг зэмсэг болсон юм шиг харагдаад байна

Тэгэхээр манай Эзэнд л итгэхгүй бол ер дориун хүн байх боломжгүй, уулаасаа дориун сайн хүнийг эзэн хэрхэн хөсөр хаях билээ, гэтэл эзэн зөвхөн өөрт итгэсэн хүнийг л аварна гэж сэтгэх жишээтэй.

Шашин нь ёс суртахууныг тайлбарлаж байгаа, ёс суртахууныг суулгаж байгаа ч гэсэн ёс суртахууныг хэтэрхий нэг шашнаас хамааралтай тайлбарлаад байгаа нь зөрчил үүсгээд байдаг.

“Аллах тэнгэрт ариун итгэлт хүний хувьд би хэлэхэд” гэж “1001 шөнийн үлгэр”-т гардаг. Энэ юу гэсэн санаа вэ гэхээр миний хэлж байгаа үнээн, яагаад гэвэл би Аллах тэнгэрт ариун итгэлтэй хүн гэж байна. Нөгөө талаас юу гэсэн үг вэ гэхээр Аллах тэнгэрт итгэдэггүй хүмүүс худлаа хэлдэг шүү гэсэн үг. Аллах тэнгэрт итгэдэггүй хүмүүс бол муу хүмүүс гэсэн үг. Тэгэхээр зөв сайн, ариун, ёс суртахуун гэдгийг ганц өөрийнхөө шашинтай хүлчихээр түүний гадна байгаа хүмүүс аврагдахгүй, ерөөгдөхгүй харин хараагдах ч юм уу муу муухайгийн туйл, сатаан болчихдог.

Үүнээс үзвэл шашин гэдэг магадгүй зөв сайныг номлох, өгөх ёстой атал харин эсрэгээрээ өөрийгөө бусдаас дээгүүр тавих, бусдыг ялгаварлан гадуурхах нэг зэмсэг болсон юм шиг харагдаад байна.

– Тэгвэл бурханы шашин? 

– Үзэл суртлын жилүүдэд Бурханы шашин өөрт итгээгүй болгоныг л буруу номтон гэж цоллон, алдаг, хяддаг  юм шиг гаргаад байсан. Гэтэл, жишээлбэл, XX зууны эхэн үед Хүрээнд христийн шашны номлогч нар ирсэн байдаг. Энэ үед буддистууд ямар ч таагүй хандлага гаргаж байсангүй.

Лхаст христийн номлогч нар очиж л байсан ямар ч сөрөг хандлага гарч ирээгүй. Тэр ч битгий хэл буддын гүн ухааны “Дашчойнбэл” сургуулийн Додла Балдан гэдэг эрдэмтэн  өөрөө буддын үзлээсээ татгалзаж байж. Тэр хүнд  ямар ч арга хэмжээ аваагүй, түүнийг үзэн ядаагүй. Энэ бол тэр хүний сонголт л гэж харж байсан. Гучаад онд, тэр их шашинлаг байх үед гэм зэмгүй хорь шахуу мянган ламыг нь алахад Буддын институци нь Ариун дайнд турхираагүй юм шүү дээ.

Үзэл суртлын бүтээлд элдвээр дүрсэлсэн нь бий. Гэхдээ бодит үнэн үүнээс хол зөрдөг юм. Жараад онд Өмнөд Вьетнамд Католик шашинтнууд Буддистуудыг хавчин гадуурхах үед ямар хариу үйлдэл хийлээ, бид мэднэ.

Буддизм өөрөө л харгислалд өртөж, өөрөө хүлцэнгүй байж, өөрөө арчигдаж байсан түүх байгаа болохоос биш өөрсдөө зэвсэг барин босч сөрж байсан түүх маш ховор.

Буддизмд өөрсдөө зэвсэг барин босч сөрж байсан түүх маш ховор

Ер нь Буддизм оршин тогтносон хугацаа, итгэл үнэмшиж байсан хүмүүсийнхээ тоогоор бараг нэгд бичигдэх шашин боловч түүнээс шалтаглаж дайн тулаан болсон тохиолдол бусад шашинтай зүйрлэх аргагүй цөөн.

Зүйрлэх юм бол аль нэг аймагт гэмт хэргийн тохиолдол бусад аймгаас хэдэн мянга дахин цөөн бол Яагаад гэсэн асуулт тавигдах л ёстой биздээ?

Буддизмд бурханы шашинд заавал итгэж байж тэр хүн сайн болно гэж номлодоггүй. Тэр ч битгий хэл Бясалгалын нэлээн өндөр түвшинд хүрчихсэн Буддын шашинтан бус хүмүүс бийг Буддын номонд хүлээн зөвшөөрдөг.

– Та буддын шашны төлөөллийн хувьд тэгвэл бусдын шашны онолыг үгүйсгэх нь зохистой юу?
– Энд хоёр өөр зүйл байж болно.

Хэн нэгнийг, өөр итгэл үнэмшилтэйгээр нь ялгаварлан гадуурхах, дорд үзэх, шууд нүгэлтэн гэх зэргээр буруушаах нь мэдээж байшгүй зүйл. Харин онолын төвшинд тухайн үзэл баримтлал нь зөв үү, буруу юу гэдгээр мэтгэлцэх, няцаах бол нээлттэй.

Буддизмыг сонгохдоо ч “Угаасаа л зөв, үүнд итгэхгүй бол мөнхийн тамд унана“ гэсэн айдсаар биш,  шалгах, эргэцүүлэн тунгаах байдлаар итгэл үнэмшил төрөх ёстой.

Хэрвээ няцаагдвал би Буддизмтай зууралдах албагүй.  Төв үзлийн гайхамшигт эрдэмтэн Чандракирди бээр “Хүн өөрийнхөө үзэлд хэр их шунахын хэрээр бусдын үзэлд дургүйцэл, үзэн ядалт гарч ирнэ” гэсэн байдаг.

Тэгэхээр хүн өөрийнхөө үзэлдээ шунах ёсгүй гэж Буддизм үздэг. Буддизмд хүртэл шунах ёсгүй. 

Хүн өөрийнхөө үзэлдээ шунах ёсгүй гэж Буддизм үздэг. Буддизмд хүртэл шунах ёсгүй

– Ер нь буддизмд дотоод зөрчил хэр их байдаг вэ. Бас экстремизм байдаг уу?
– Буддаг таалал төгсөөд удаагүй байхаас Буддизм дотроо хуваагдаж гэх үү, ялгаатай урсгалууд үүсч эхэлсэн.

Хамгийн сонирхолтой нь Будда өөрөө үүнийг байх ёстой, ийм зүйл гарах болно гэж анхнаасаа үзэж байж. Нэг ёсны энэ бол олон ургалч үзэл, уулаасаа Догма биш болохоор олон янзын тайлбар, арга замууд гарах л ёстой юм шиг байгаа юм.

Буддын судруудад бол үүнийг “Хүн олон янз тул, хүний сэтгэлийн байдал нь олон янз тул гэгээрэх зам мөн адилгүй, олон байна” гэж тайлбарласан байдаг. Тэгэхээр Буддизм үүссэнээс өдийг хүртэл Буддын олон онол урсгалууд зэрэгцэн оршиж, хоорондоо мэтгэлцэж, үнэнийг хайж л ирсэн. Түүнээс үзэл суртлын бүтээлд дүрсэлдэг шиг аймаар тэмцэл байгаагүй, жишээлбэл би цэвэр Гэлүгба урсгалын хүн гэхэд манай сургалтын хөтөлбөрт Гаржүдба урсгалыг үндэслэгч Мила Богдын бүтээлүүд, бясалгалууд, түүний намтар маш том байр суурь эзэлнэ.

Сажа Бандидын бүтээл, намтар, Нинмавийн урсгалыг үндэслэгч Ловон Бадамжунай мөн ижил. Гэхдээ мэдээж шашинтан боллоо гээд шууд ариусчихгүй, шунал, уурын эрч амар харихгүй учир, түүхэндээ туйлшрах үзэл огт гараагүй гэж хэлж болохгүй.

Өнөөдрийн жишээн дээр гэхэд , мундаг баяжуулдаг, хамаг хэрэг бүтээдэг сахиус байдаг, тэрийг л шүтэхгүй бол болохгүй гээд, гэтэл тэр сахиусных нь тухай Буддагийн Ганжуурт, түүний тайлбар Данжуурт, за шарын шашныг үндэслэгч Богд Зонховын зохиолуудад нэг ч үг байхгүй, уулаасаа ч байх үндэсгүй 16, 17-р зуунд яригдах болсон сахиус.

– Та Шүгдэнгийн тухай хэлж байна уу?

– Тийм.

Эх сурвалж:  Ikon.mn