Буддын шашин Монголд яг ямар үе дээрээ явж байна вэ. Оргил үе нь хэзээ байсан бэ?

– Монголд буддизм гурвантаа дэлгэрсэн гэдэг. Тэр бол гарцаагүй. Саяхан сэргээн босгосон Хэрлэн Барсын суварга бол Киданы үеийн Буддын суварга.

Маш тодорхой, хатуу олдвороор батлагддаг зүйл бол бидний бодсоноос хавьгүй дээр үед Монголд буддизм байжээ. Монголд Буддизмийг Манжууд оруулж ирээгүй юм. Тэр эрт үеэ байг гэхэд, Хархорины малтлагаар Их Монгол Улсын хамгийн том хаадууд Буддизмийг төрийн шашин болгож байсан нь тодорхой болж байна. Энэ бол миний үг биш, уг малтлагыг хийсэн эрдэмтдийн дүгнэлт. Тэгэхээр Монгол хамгийн их хүчтэй байх тэр үедээ л буддизмийг аль хэдийнэ авчихсан байж. Хубилай хааны төрсөн охин нь сахил авч эмэгтэй хувраг болсон байдаг.

Их Монгол Улсын хамгийн том хаадууд Буддизмийг төрийн шашин болгож байсан нь тодорхой болж байна

– Одоог ямар үе гэж үзэх үү?

– Одоо зайлуул эрэмдэг, зэрэмдэг болчихсон амьтан сэргэх гээд л оролдож байна даа.

– Бурхан багшийн ганц номыг уншиж үзээгүй атлаа цагаан сараар бараг айл бүхэн мөнгө төлж ном уншуулдаг. Энэ зөв үү, буруу юу. Бид ингээд л яваад байх нь зөвүү?

– Больсон нь дээр гэж би үзэхгүй. Оргүй дор бол тэр нь дээр. Гэхдээ энэ бол хамгийн муу хувилбар. Монголчууд номоос адис авах их дуртай. Яахав, ном, мэдлэгийг эрхэмлэх, үнэлэх сэтгэлийг бидэнд суулгаж өгч буй юм. Гэхдээ, номын туйлын зорилго бол адис өгөөд л дуусах биш.

Уг нь яах ёстой вэ. Номоо хүндэтгээд дараа нь задалж унших ёстой. Задалж уншаад ойлгох ёстой. Ойлгоод дуусах төдий биш тэрийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхээр бид хамгийн анхны дасгал дээрээ зогсчихсон байна гэсэн үг.

Буддизмын туйлын зорилго нь хүн өөрөө муу муухайтайгаа тэмцэх, өөрөө илүү зөв сайн болоход оршдог. Тэгэхээр ийм болохын тулд зөвхөн ном уншуулаад өнгөрөх нь хангалтгүй. Гэхдээ оргүй байснаас дээр байх гэж би шашинтан хүний хувьд үзнэ.

Яагаад гэхээр номыг бусдаар уншуулахад хүртэл буян хураана гэж үздэг. Гэхдээ хүн өөрөө тэр номыг уншиж ойлгож, хэрэгжүүлэхийн саяны нэг хувьд ч хүрэхгүй л дээ.

– Монголчууд ном уншуулчихаад энэ жилийн буян заяагаа даатгалаа гэцгээдэг. Үнэхээр даатгалын компаниас илүү бидний буян заяа даатгагдаж байдаг уу?
– Буян заяа даатгана гэдэг үгийг ч би ойлгохгүй байна.

– Муу зүйл учрахгүй боллоо л гэдэг шүү дээ.
– Бурханы номонд ингэсэн байдаг даа. Хүний хийж байгаа үйлийг хоёр, за гурав ангилж үздэг. Муу ба сайн, саармаг гэж. Муу нь муу үр дагавартай. Сайн нь сайн үр дагавартай. Хийж байгаа үйлдлийг биеэр үйлдэх, сэтгэлээр үйлдэх, хэлээр үйлдэх гэж гурав ангилдаг. Ном уншуулна гэдэг хэлээр үйлдэх буян болно. Өөрөө унших, бусдаар уншуулах ч буян л гэж үздэг. 

Яагаад гэхээр бид бусдаар хийлгүүлсэн нүглийг ч өөрийн нүгэлд тооцдог. Тэгэхээр өөрөө болон бусдаар уншуулж буй ном нь хэлээр үйлдэж буй буян болно. Гэхдээ дахиад хэлэхэд сэтгэлд нөлөөлөх нь хэр вэ гэвэл бага. Зүйрлэх юм бол хол газар түүдэг гал асаахтай адил. Дулаан ирж байгаа юу ирж байгаа. Гэхдээ хангалттай биш.

Ном уншуулаад сэтгэлд нөлөөлөх нь хэр вэ гэвэл бага. Зүйрлэх юм бол хол газар түүдэг гал асаахтай адил

– Таны өмнөх лекцүүдийг сонсож байхад таны хувьд далд ухамсар буюу далд ертөнцийг үгүйсгэдэг юм билээ. Саяны таны хэлж буйгаар ном уншуулах нь ямар нэгэн байдлаар бидэнд адис ирдэг аж. Тэгэхээр ном уншуулахаар энерги ялгардаг гэсэн үг үү?
– Үйлийн үр буюу бие, хэл, сэтгэлээр үйлдсэн үйлдэл болгоноос үр дагавар гардаг гэж үздэг. Хүн хэрхэн гэгээрэх талаар, яаж ариун байх талаар гарч буй Бурханы сургаалийг хүн амандаа хэлэхэд хүртэл зөв үйлдэл болчихож байна гэсэн үг.  Ухаандаа хараал муу үг амнаасаа урсгахыг хэн ч сайнд тооцохгүй мэт. 

Ном уншуулах нь буддизмаас гажсан зүйл гэж зарим хүн тайлбарлаад байдаг. Лам хүн айлд очоод эсвэл хийдэд ном унших нь уншуулсан хүнд эерэгээр нөлөөлнө гэж дэлхийн бүх буддизм үздэг. Шри -Ланкт ч байгаа, Тайваньд ч байгаа, Японд ч тэгж үздэг.

Эсвэл хүмүүс буддизмийг буруу тайлбарлаад байна уу гэхээр Бурхан Буддагийн өөрийнх нь сургаальд “Энэ номыг уншваас, отсон могой хүртэл хорлох сэтгэлийг умартан амаа хаах болно” гэж хэлсэн байдаг. Тэр номыг нэг удаа ч атугай уншуулчих гээд л байгаа хэрэг, агуулга нь юу вэ гэвэл энэрлийн тухай ном л доо. Тэгэхээр тэрийг ойлгож мэдээд хэрэгжүүлж чадвал хорлол хөнөөлийг хариулж чадна гэж үздэг. Унших, уншуулах нь эхний алхам.

Буддын ном, судрыг орчуулахтай зэрэг л хүн болгон түүнийг ойлгодог болчихгүй

– Гандан хийдэд уншиж буй энэ төвөд ном судруудыг Монгол хэлнээ буулгаад уншлаа гэхэд бид ойлгож ухамсарлах хэмжээнд байх болов уу?
– Монголд үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийдүүд уншлага ном, зан үйлээ монгол хэл дээр хийх нь зөв гэж би хувьдаа боддог. Энэ чиглэл рүү угаасаа ч явж байгаа.

Гэхдээ Буддын ном, судрыг орчуулахтай зэрэг л хүн болгон түүнийг ойлгодог болчихгүй. Хамгийн энгийн жишээ гэхэд Лениний ботиуд гээд байдаг биз дээ. Хэн болгон уншаад түүнийг хялбар ойлгох боломжгүй байдаг. Эсвэл эмчийн нарийн мэргэжлийн номуудыг уншаад бид ойлгох уу. Тэгэхээр алив гүнзгийрч нарийссан ойлголтыг орчуулах төдийд хэн хүнгүй ойлгоод явчихгүй. Заавал тайлбартай, үе шаттай, алгуур хөгжиж байж түүнийг ойлгоно.

Гэхдээ ном дотор олон янз. Энгийн хүмүүст зориулж хялбаршуулж, хүмүүсийн зан үйлд нийцүүлсэн номууд гэж бий.

Одоо магадгүй хоцрогдсонд тооцогдоод байгаа шашны зан үйлүүд буюу гүрэм дором, ном уншуулах зэрэг нь Буддын эрхэм сургаалийг хүмүүст хүргэх арга л юм.

Чихэр өөрөө их амттай ч цаас нь бас гоё байх ёстой шиг л. Гэхдээ энэ цаас нь байнга солигдож тухайн цаг үеийнхний сонирхлыг татаж байх хэрэгтэй.

Жишээ нь, лам нар айлд очоод ном уншихдаа маш гүн гүнзгий бясалгал хийгээд суухаар нөгөө уншуулж байгаа хүмүүс тоохгүй байж магадгүй. Тэгтэл ус цацаад, цан дэлдээд л , утаа униар тавиад л дөвчигнөж өгөх юм бол хүмүүс ёстой мундаг лам байна гэж хүлээж авдаг. Тэгэхээр бидний олонхийн шашнаас хүлээх хүлээлт ийм л байдаг байна. Гээд, хүмүүсийн хүлээлтийг 100 хувь дагаж болохгүй. Учир нь агуулгаа алдчихдаг. Нөгөө талд, хүлээлтийг, орчноо огт тоомсорлохгүй орхиж бас болохгүй.

Эх сурвалж: Ikon.mn