Бурханы шашны гол номлол болох үйлийн үр, ямар нэгэн зүйл заавал өөрийн учир шалтгаантай байдгийг жишээ нь зэн буддизм үгүйсгэдэг гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ урсгал Хятад, Японоос гарч сүүлийн үед баруунд ч их тархах боллоо. Үйлийн үрийн зөрчлийн тухай та тайлбарлаж өгөхгүй юу?

– Дэлхийн буддизмийн түүхэнд Самяагийн мэтгэлцээн гээд алдартай мэтгэлцээн VIII зуунд болсон юм. Хятадын Чан буддизм, Хойд Энэтхэгийн Наландрын Буддизм хоёрын төлөөлөл, энэ хоёр урсгалын нөлөөллийн дундын бүс болох Төвөдөд мундаг мэтгэлцээн хийсэн байдаг.

Тэр мэтгэлцээн их сонирхолтой. Эх сурвалжууд жаахан зөрүүтэй байдаг. Гэхдээ гэрчийн хувиар оролцож байсан Төвөдийн хаадууд, мэргэдүүд хойд Энэтхэгийн буддизмийг яллаа гэж үзсэн байдаг. 

Тэгэхээр өнөөдөр бол дэлхийн буддизм аль болох ойлгох нэгдэх талруугаа явж байгаа болохоор шүүмжийг урдаа барихыг азнаад байна. Гэхдээ онолын бол гарцаагүй ялгаанууд бий. Тэдгээр ялгаанууд дотор Наландрын сургууль Чан буддизмийг буруутгадаг шалтгаан нь “Та нар өдөр тутмын ёс суртахууныг хэтэрхий дор үзэж байна” гэдэг. Гэхдээ энэхэн үгээр тайлбарлагдахгүй. Онолын түвшиндээ их сонирхолтой суурь ялгаанууд гарч ирнэ.

– Буддын одоо хэчнээн урсгал байна вэ?

– Яаж хуваахаасаа хамаараад өөр, өөр. Шашин судлалын эрдэмтэд түлхүү хэрэглэдэг зүйчлэл нь бол газар зүйгээр нь гурав хуваадаг. Өмнөд Азийн буддизм, Хойд Энэтхэгийн уламжлалт буддизм, Зүүн Азийн уламжлалт буддизм гэж гурав хуваадаг.

– Монголын тухайд Хойд Энэтхэгт багтдаг?

– Тийм.

Лам болохдоо би дургүй байсан

– Таны хувьд Хойд Энэтхэгийн буддизмийн гол сургууль  Брайбүн хийдэд 10 жил шавилж сурсан юм билээ. Яагаад буддын шашнаар суралцахаар шийдэв?

– Өөрөө гэхээсээ өвөөгийн хүүхэд байсан учраас энэ сонголтыг хийсэн. Лам болохдоо би дургүй байсан. Энэ шашин юу гэж худлаа ярьж миний толгойг эргүүлэх болоо гэсэн хардалттай буддизмийг үзэж байлаа. Гэтэл яг агуулга руу нь ороод ирэхээр гайхширмаар, миний 15, 16 нас хүртэлх зурагт, уран зохиолоос авч байсан буддизмийн талаарх ойлголтоос шал өөр байсан. 

Тиймээс ч сонирхсон.

– Дараа нь итгэсэн үү?
– Буддын шашинд итгэл үнэмшил хоёр янзаар төрнө гэдэг. Нэг нь нэлээн мухар талдаа. Өөрөөр хэлбэл, бурханы шашин ямар сайхан юм бэ, гэгээрэх гэдэг чинь ямар сайхан бэ гэж сургаар итгэх явдал. Хоёр дахь нь, тэр гэгээрэх гэдэг чинь чухам юу юм, хүн гэгээрэх боломж байгаа юу, бидний сэтгэлд байгаа муу бүхнээс яаж ангижрах вэ гэж онолын түвшинд судалдаг, хайдаг. Өөрийнхөө сэтгэл дээр тодорхой туршилтуудыг хийж, мэдэрсэн цагтаа энэ үнэн юм гэж итгэдэг.

Сүүлийнхийг дийлэнх нь их сайшаасан байдаг.

Миний хувьд судлаад, мэдээд, баталж нотлоод итгэлээ гэж хэлж чадахгүй. Тодорхой хэмжээнд мухар сүсгийн талын зүйл бий л байх. Гэхдээ би одоо 40 хүрэх гэж байна, 10 жилийн өмнөх үеийнхээсээ итгэл үнэмшил маань хавьгүй илүү л болоод байна. Нөгөө үнэнд гүйцэгдэнэ гэдэг шиг, Буддизмын гол санаанууд  орой руу ороод л байна. 

– Олон нийтийн шүүмжлэлтэй ханддаг зүйлийн нэг бол лам хуварга хүмүүсийн өөрсдийнх нь зан байдал, аж төрж буй хэв маяг. Хэт материаллаг лам нарын жишээ олон. Лам гэдэг чинь зүгээр л мэргэжил юм уу. Эсвэл өөрөө тодорхой хэмжээнд гэгээрэлд хүрчихээд лам гэдэг нэр зүүх ёстой юу?
– Гэгээрэл гэдэг бол мэдлэг, ёс суртахууны өндөр түвшинд очиж буй хэрэг, за Бурханы сургаалиар.

Тиймээс, лам болоод л, эсвэл шар дээл өмсөөд л  гэгээрчихнэ гэж байхгүй. Гэгээрэл гэдэг маш махрал зүтгэлийн үр дүнд гарч ирдэг гэж дээр хэлсэн. Гэхдээ лам болно гэдэг энгийн хүнээс ямартай ч ёс суртахууны хувьд илүү хариуцлагатай, тэр нь буддын эрдэм мэдлэгт суурилж гарч ирэх ёстой. Тэгэхээр үнэхээр Монголын лам нар, мэдээж би ч тэр, яг хуварга байж чадаж байгаа юу гэвэл дийлэнх нь үгүй.

Гэхдээ нэг сайн зүйл нь үнэхээр сахил санваарыг сахисан залуу лам нар гарч ирж байна. Сахил санваарийг ариун сахисан хувраг хүн гэдэг энэ шашны суурь нь юм. 

Буддын номонд ганц үйлийн үрийг горьдсондоо л сайныг бүтээх, саарыг жигших албатай биш

– Гэгээрэл гэдэг зүйл хүнд ирдэг юм уу. Хүн өөрөө хайж олдог юм уу?

– Бурханы шашинд хүн болгон гэгээрлийг олох боломжтой гэж үздэг. Гэхдээ зөвхөн энэ насандаа олох боломжтой биш. Хэзээ нэгэн цагт гэгээрэх боломжтой.

– Хойд насны тухай та ярьж байна уу?

– Тийм. Буддын шашин хойд нас байна гэж үзнэ. Гэхдээ нэг сонирхолтой нь,  XX зуунд үүссэн Энэтхэгийн доктор Амбиткарын урсгал гэж байдаг. Тэд хойд, урьд насыг ярихаа больё. Зөвхөн энэ насны хүрээнд ч гэсэн, Буддизмын онол, итгэл үнэмшил, ёс суртахууны систем батлагдаж болж байна гэсэн номлолтой.

– Хэрвээ хойд насыг үгүйсгэж байгаа бол үйлийн үр ч мөн үгүйсгэгдэх үү?

– Тэд энэ насанд л үйлийн үр байдаг гэлцэнэ.  Гэтэл уламжлалт үзэлд үйлийн үр байгаа л бол хойд, урьд нас байж байж л шийдэгдэнэ гэж үздэг. Гэхдээ Буддын номонд ганц үйлийн үрийг горьдсондоо л сайныг бүтээх, саарыг жигших албатай биш л дээ.

Эх сурвалж: Ikon.mn