– Миний хувьд шашны гол агуулга бүхий сургааль номыг нь судалж, түүнийг амьдралдаа мөрдөхөд хүндэтгэлтэй ханддаг. Гэтэл орчин үеийн хүмүүсийн дунд энэ шашны нэр хүндийг унагааж байгаа зүйл бол засал ном хийж, хүний хувь заяаг өөрчилдөг зэргийг амладаг, ерөөдөг, хараадаг зан үйл байсаар байна. Буддын шашинд жишээ нь энэ үзэгдэл байх нь зөв үү?

– Хуваргууд өөр ертөнцтэй харилцах, мэргэлэх ямар ч үүрэг чиглэл байхгүй. Лам гэхээр л мэргэлдэг чиг үүрэгтэй юм шиг хараад байна. Лам хуваргуудад тийм үүрэг чиглэл огт байхгүй.  За хараах тухай бол Бурхан багшийн сургаалиас чанх эсрэг зүйл.

– Ер нь далд ертөнцтэй харилцаад байгаа энэ зан үйл ер нь байж болох уу. Бурхан болоочийн хүслийг дамжуулдаг, түүний алтан хайрцгийг нээдэг зэрэг зан үйл манайд их түгээмэл шүү дээ. 

– Намайг Энэтхэгийн Бэрээвэн хийдэд сурч байхад тэнд 5,000 орчим лам байсан. Намайг сурч байхад мэргэ төлөг хийдэг нэг, хоёрхон лам байсан. Тэр нь Лхамын бүтээл хийчихсэн хүмүүс байдаг байсан. Гэхдээ энэ бол буддизмын цөм биш. Буддизм соёл, урлаг, гүн ухаан, итгэл үнэмшил гээд олон зүйлийн нэгдэл. Тэрэн дотор мэргэлэх зан үйл байдаг л байх. Гэхдээ энэ гол агуулга биш.

Гэгээрэл гэдэг чинь мэдлэгээс гарч ирж байгаа гэгээ юм

– Гэхдээ хүн гэгээрэлд хүрэхээр өөр мэдэрхүйтэй болох нь байж болох зүйл үү. Үүнийг буддын ухаанд юу гэж үздэг вэ?

– Тэр бол байж болно. Анхаарал төвлөрлийн дасгал буюу нэгдүгээр даяан, хоёрдугаар самади бясалгалд хүрэх үед тэр төвлөрлийг ашиглаж байгаад өчүүхэн шамдаад тусгай арга бясалгал хийх юм бол эхний таван илт мэдэлд хүрнэ гэж үздэг. Энэ бол маш холын дуу дүрсийг хүлээж авах, цаг хугацааны хувьд өнгөрснийг мэдэх, бусдын сэтгэл санааг хүлээж авах чадвар төрнө гэж буддизм үздэг л дээ. Гэхдээ энэ бол одоогийн мэргэ, төлөг хийж байгаа зүйлээс өөр, төвлөрлийн бясалгалын үр дүнд хэнд ч гэсэн төрөх боломжтой оюуны нөөц боломж.

– Энэ шинжлэх ухаанаар батлагдсан уу?

– Үгүй байх.

Нэгдүгээр даяан, хоёрдугаар самади бясалгалд хүрэх нь өөрөө тийм амар биш. Бидний энэ ил ажилладаг шунал бүтэн унтарсан байх ёстой. Нэр алдар, өнгө, мөнгөний шунал бүтэн унтарсан байх ёстой. Тийм бясалгал хийхийн тулд сонирхогчийн түвшинд бус бүх зүйлээ зориулах хэрэгтэй л дээ.

– Та буддын шашныг түгээхийн тулд оюутнуудад хичээл заахын хажуугаар сонирхогчдад зориулж цуврал лекц уншдаг юм билээ. Энэ хичээлийнхээ тухай танилцуулахгүй юу?
– Есдүгээр сарын 12-ноос манай шинэ курс эхэлсэн. Буддын шашны талаарх анхан шатны мэдлэг өгөх 20 цуврал лекц нь Даваа, Лхагва, Баасан гарагуудад, дунд шатны 16-н лекц нь  Мягмар, Пүрэвт 18.45 цагаас эхэлдэг. Энэ долоо хоногоос бусад сургалтууд мөн эхэлж байна.

– Энэ лекцээс iKon.mn сайт хоёрыг нь шууд дамжуулсан. Уншигчид маш их сонирхож бас сайшаалтай хүлээж авсан. Сонсож амжаагүй хүмүүст зориулаад та  Буддистууд юунд итгэдэг вэ гэдэгт хариулахгүй юу?

– Товчдоо, маш сайн хүн байдаг гэж итгэдэг. Гэхдээ тэд төрмөл бус, мэдлэгийн хүчээр ариун сэтгэлт нэгэн алгуур болсон, болдог гэж итгэдэг. Хүн муу болж болдог шиг л юм.

Бүх оршихуй бусдаас хамаарч, бусдад шүтэж оршино

– Мөн Буддын шашны суурь онол гэгдэх Шүтэн Барилдлагын тухай танин мэдэхүй товч тайлбар хийхгүй юу?

– Оршихуй бол хэн нэгэн далдын ганц хүчний бүтээл биш, өөр өөрийн шалтгаан нөхцлийн эхлэлгүй хэлхээний үргэлжлэлүүдийн олонлог бөгөөд, бодит юм бүхэнд гарцаагүй шалтгаан, нөхцөл, үр дагавар байх ёстой. Бүх оршихуй бусдаас хамаарч, бусдад шүтэж оршино.

– Энэ хичээлийг сонсохгүйгээр, эсвэл ном судар судлахгүйгээр хүн өөрийнхөө дотроос гэгээрлийг олох боломжтой юу?

– Зүгээр байж байгаад хүн гэгээрнэ гэж байхгүй. Хүн өөрөө эхнээс нь судалж мэдэх хэрэгтэй.

Гэгээрэл гэдэг санамсаргүй төрдөг уур, гунигаас өөр зүйл. Гэгээрэл гэдэг чинь мэдлэгээс гарч ирж байгаа гэгээ. 

Би саяхан нэг нэвтрүүлэг сонсож байтал “Хүний хандлага гэж их чухал юм. Хандлагаа өөрчилье” л гэж яриад байсан. Хандлага гэдэг бидний хажуу талд байдаг нэг сэртгэр зүйл, би тэрийг дураараа мушгиад өөрчилчихдөг эд биш. 

Миний ертөнцийг үзэх үзэл, миний оюун бодол, өдийг хүртэл бүрэлдсэн хүмүүжил, туршлага, дадал зуршил болгоны гадагшаа гарч буй илрэл, үнэр нь юм.

Түүнээс тэр хүн ямар байхаас үл хамаарч хандлага гэдэг зүйл нь дангаараа өөрчлөгдөөд байх боломжгүй. Түүнтэй ижил гэгээрэлд хүн шууд хүрэх боломжгүй.

Эх сурвалж: Ikon.mn