Эрдэнэзуу хийдийн Хамба лам Х.Баасансүрэнтэй шударга ёсны талаар ярилцлаа.

-Та өмнө нь “Зөв зөвд шударга зөв, Зөөлөн зөөлөнд эе зөв” гэдэг үг сонсож байсан уу. Энэ үгийг сонсоод танд хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ? 

-Сонсож байгаагүй юм байна. Зөв юм зөвийг, буруу зүйл бурууг дагуулдаг гэж ойлгогдож байна. Үйлийн үрийг хэлж байгаа юм болов уу. 

-Шударга байх гэдгийг та юу гэж ойлгодог вэ. Шударга ёсыг тодорхойлбол? 

-Шударга байх гэдэг олон янзын ойлголт л доо. Ёс зүйгүй хүмүүст л ёс зүй хэрэгтэй байдагтай адил худал, хуурмагийг үйлдэгчдэд шударга ёс хамгийн хэрэгтэй байдаг. Хэн ч хууль, дүрэм зөрчдөггүй бол хууль ёс хэрэггүй. Хууль, дүрэм зөрчөөд байгаа учраас л түүнийг зохицуулах шаардлага үүсээд байгаа юм. 

Жинхэнэ шударга ёс гэдэг хүний дотор оршдог. Гэтэл өнөөдөр дотроо худал, хуурмаг хэр нь гаднаасаа шударга харагдах гэж их хичээдэг болж. 

Жинхэнэ шударга байхын тулд дотроосоо, хүн талаасаа зөв байх ёстой байх.

Уг нь эрт цагт хүмүүс хэлсэндээ байж чаддаг байж. Хэлсэн үг нь баталгаа болдог. Үг, үйлдэл  хоёр нь яг таардаг. Харин өнөө цагт хүний хэлсэн үгэнд итгэх аргагүй болсон. Цөвүүн цагт хүний доторхыг харах аргагүй. Гаднаа гаргаж буй үйлдэл нь тэр хүний доторх мөн чанар мөн үү, биш үү гэдгийг ялгах аргагүй болсон. 

Жишээ нь, автобусанд хүн хулгай хийдэггүй бол хэн ч цүнхээ сугандаа хавчуулаад явах шаардлагагүй. Гэтэл нэг удаа л автобусанд эд зүйлээ хулгайд алдсан бол түүнээс хойш байнга сонор сэрэмжтэй явдаг. Үүнтэй адил нэг л муу үйл нийтийн тэр чигт нь айлгаж, түгшээдэг үр дагавартай. 

Хажууд нь алт байсан ч авдаггүй, үнэ цэнээ алдахгүй байх л жинхэнэ шударга чанар байх. 

Харин хүн бүгд ингэж байхад би ч гэсэн адилхан байна гэдэг бодлоор хорон муу үйлд дагаж, уусаж хэрхэвч болохгүй.  Мууг дагахад амархан, сайн байх гэж хичээх хэцүү л дээ. 

Хүн үнэ цэнээ алдахгүй шударга байвал хаана ч тэр, бүр бурхны өмнө нь нүүр бардам байж чадна. Магадгүй шударга байлаа гээд өнөөдөр хохирох байх. Гэхдээ шударга байсныхаа төлөө сэтгэл хангалуун үлдэнэ. 

Шударга байснаараа хохирлоо гэж бодоод эхлэх л юм бол муу зүйл рүү халтирч байгаагийн шинж болов уу гэж бодож байна. 

-Та шударга хүн мөн үү?

-Би шударга байхыг хичээж явна. Шударга байна гэдэг нэг талаасаа ёс зүй. Хуулиар хүний хийж болох, болохгүйг хязгаарлаж, барьж байдаг бол сэтгэлийг хязгаарлаж чадахгүй. Бодлыг хязгаарлах боломжгүй шүү дээ. Үйлдлээс өмнө бодол үүсдэг. Тэгэхээр бодол сэтгэлийг зөв чиглүүлдэг зүйл бол шашин юм. Аливаа шашинд итгэдэг хүн үйлийн үрийг ухаарч, буруу зөвийг ялгадаг. 

Би бурхны шашны хуврагийн хувиар өөрийнхөө хэмжээнд шударга байхыг хичээдэг.