Шинэ шашны байгууллага дагагчдаа ковид-19 вирусээр өвчлөхгүй, амьд үлдэх цөөн хүний нэг болохыг хүсвэл 3500 ам.долларыг тухайн байгууллагын дансанд шилжүүл гэжээ.

Монголчуудын дийлэнх нь буддын шашныг шүтдэг гэж үздэг. Учир нь хүн амын 53 хувь буддын шашин шүтдэг бөгөөд улсын хэмжээнд 140 орчим сүм хийд үйл ажиллагаа явуулж байгаа аж. “Их дүйчин” өдрөөр бүх нийтээр амрах санал гаргахдаа ч үүнийг харгалзаж шийдвэр гаргасан. 

Хэдий тийм ч 1990-ээд оноос хойш манайд шашны шинэ урсгалууд ихээхэн дэлгэрч байна. Тухайлбал сүүлийн таван жилд гэхэд л Христийн шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, сүмийн тоо 100-аар нэмэгджээ. Шашин шүтэх, эс шүтэх эрх хүн бүхэнд нээлттэй, хэнийг ч алагчлах ёсгүй. Гэвч гаж буруу урсгалын шашин олноор дэлгэрэх, түүнд хэт автах нь үндэсний аюулгүй байдалд ч хор нөлөөтэй юм. 

ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Шашин судлалын тэнхимийн багш эрдэмтэд хамтран “Монгол Улс дахь шинэ шашнууд: Нийгмийн төрх, асуудал,шийдэл” номыг хэвлэн гаргаад байгаа юм.

Уг номын зохиогчдын нэг шашин судлаач, дэд профессор С.Янжинсүрэнгээс шашинд хэт автах, шинэ урсгалын буруу номлол, сөрөг нөлөөллийн талаар ярилцлаа.

https://e.infogram.com/5e9f3972-99b0-4ae1-a9d8-74c3ada445b6?src=embedpresidentInfogram

Шашны шинэ ургалд элсэж, гэр бүлтэйгээ харилцаагаа таслах тохиолдол олон

Аливаа шашны туйлын зорилго нь хүнийг соён гэгээрүүлж, ёс суртахууны хувьд төлөвшүүлэх байдаг. Гэхдээ тус институци сургаал номлолоо түгээх замаар нийгэмд эзлэх байр сууриа бэхжүүлэхээр шүтэн бишрэгчдийнхээ тоог нэмэх зориго бий. Шашнуудын номлол сургаал, гол зарчим, үнэт зүйлийг ташааруулж, буруугаар ашигладаг янз бүрийн шашны урсгалууд олон байгаа. 

Манай улсын шашин шүтдэг хүн амын 2.4 хувь нь ийм шинэ шашинд хамаарах урсгал, чиглэлүүдийг шүтэж байгаа гэсэн судалгаа бий. Шашин судлаач, эрдэмтдийн тодорхойлсноор шашны 49 урсгалын 150 гаруй байгууллага, сүм хийд, цуглаан үйл ажиллагаа явуулж байна.


Шашин шүтэх, эсэх нь хүний эрх боловч шинэ тутам нэвтэрч байгаа ийм урсгалуудаас янз бүрийн сөрөг үр дагавар гарч байгааг судалгаа харуулж байгаа. 

Жишээ нь шинэ шашин шүтэх болсноор хүмүүс ихэнхдээ гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцох болж, гэр бүлийн дотоод зөрчил үүсэх нь хамгийн түгээмэл байгаа нь харагдаж байна. Гэр бүлийн уламжлалт заншил, зан үйлийг үл тоомсорлох нь олон асуудлыг дагуулдаг нь тодорхой байна. Гэр бүлийнхэнтэйгээ ойлголцохоо байснаас тэднээсээ харилцаагаа таслах, хөндийрөх нь элбэг байх шиг.

Итгэл үнэмшил дээр суурилсан мунхруулга

Шашин ихэнхдээ хүний сэтгэлийг тайтгаруулдаг. Гэтэл зарим шинэ шашны урсгалууд хүнийг айдас түгшүүрт автуулж байгаа тохиолдлууд цөөнгүй харагдаж байна. Тэр байтугай хүний итгэл үнэмшлийг ашиглаж залилсан тохиолдлууд ч гарах болоод байгаа. 

Ойрын жишээ хэлэхэд, өнгөрсөн онд нэгэн шинэ шашны байгууллага дагагчдаа ковид-19 вирусээр өвчлөхгүй амьд үлдэх цөөн хүмүүсийн нэг болохыг уриалжээ. Үүний тулд тодорхой тооны ам.долларыг тухайн шашны байгууллагын дансанд шилжүүлсэн тохиолдол байгаа тухай гадаад, дотоодгүй хэвлэлээр шуугисан. Зарим иргэд гүн сүсэг бишрэлдээ автаж, мөнгө санхүүгээрээ хохирох явдал байна. Энэ бол айдаст автуулж байгаа хэрэг гэж үзэж болно.

Шашинд итгэж, дагаж байгаа нь хүмүүсийн сүсэг бишрэлийн  болон сэтгэл санааны хэрэгцээтэй нь холбоотой. Хүний энэхүү эмзэг хэрэгцээг ашиглан өөрийн шашиндаа урвуулан ашиглах явдал манайд бий болоод нэлээд хугацааг өнгөрүүлж байна. Тухайлбал, тэд хүмүүсийг шашиндаа элсүүлэхдээ үнэ төлбөргүй сургалтад хамруулна, манайд нэр бүхий алдар нэртэй дуучин, жүжигчид явдаг, тэдэнтэй уулзалт хийнэ” гэх зэргэр бага, багаар дасгаж шашиндаа элсүүлдэг ажээ. 

Өөрөөр бол үнэ төлбөргүй үйлчилгээг хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн амлаж шашны байгууллагадаа аваачдаг, элсүүлдэг. Элсүүлэхээсээ өмнө маш нарийн социологийн судалгаа авч бүртгэлжүүлдэг. Судалгааны асуудлууд дотор нь таны сэтгэл санааг зовоосон ямар зүйл байна, та юунд дуртай, юунд дургүй вэ гэсэн нарийн асуултууд ч байна. Гэтэл манай төрөөс иргэдийнхээ сэтгэл санааны байдлыг ийнхүү тандсан судалгаа байдаг билүү! 

Ингэж төрөл бүрийн шашин нэртэй байгууллага, урсгал чиглэлүүд манай иргэдийг зүй бус аргаар өөртөө элсүүлэх, элссэн хойно нь шинээр өөрсдийнхөө зохиосон сургаал номлолоор сэтгэл санааг нь урвуулах, гэр бүлээс нь холдуулах, эрхэлдэг аж ахуйг нь тасалдуулах зэрэг сөрөг үзэгдлүүд гарч байна. Ийм шинэ төрлийн шашин шүтлэгт зөвхөн хүүхэд залуус биш манай ахмадууд ч орж байна. 

Манай тэнхимд иргэд гэр бүлийн гишүүдээ шинээр элссэн шашны байгууллага, шашнаас нь салгахад туслахыг хүссэн өргөдөл авч ирэх тохиолдол нэлээд байдаг. Манай тэнхим сургалт, судалгааны байгууллага учир иргэдэд өргөдлөө зохих журмын дагуу хууль, хүчний байгууллагад өгөхийг зөвлөөд явуулдаг. 

Өргөдлүүдийн агуулгаас үзвэл гэр бүлийн хэн нэг нь ямар нэг шашинд орсон, гэр бүлээсээ хөндийрсөн, шашны номлол цээжилсээр ядаргаанд орсон, нойргүй болсон, үр хүүхдээ тоохоо байсан, гэр бүлийн орлогоо шашны байгууллагад хандив нэрээр өгөх болсон гэх мэт агуулгатай байдаг.

Ийм тал шинжүүдээс нь хамаараад шашнууд ч олон урсгал чиглэлийг манай шашин биш гэж хэлэх, гаж гэж нэрлэх явдал түгээмэл байна. Шашин судлалын шинжлэх ухаанд тэдгээрийг шинэ шашин, шинэ шашны хөдөлгөөн гэдэг юм. 

Эх сурвалж: Peak.mn