“Буддын шашин ба археологи” эрдэм шинжилгээний хурал Гандантэгчэнлин хийдэд боллоо.

Уг хурлыг Монгол Улсад Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан зохион байгуулсан юм.

Хурлаар Хүннүгийн үеэс 21-р зуун хүртэлх үе үеийн археологийн олдворуудад бурхны шашинтай холбогдох эд өлгийн зүйлс, судлагдахууны талаарх сүүлийн үеийн шинэ мэдээллүүдийг танилцуулав.

ТҮҮХИЙН ЗАВХРАЛЫГ ЭМХ ЦЭГЦЭД ОРУУЛАХАД НӨЛӨӨЛӨХ ТОМ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛ АРХЕОЛОГИЙН САЛБАР ЮМ

Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд:

-Энэ эрдэм шинжилгээний хурлаар Монголын түүхийн 2000 гаруй жилийг хамарсан, түүхийн үе үечлэлийн археологийн олдворуудыг нийтэд дэлгэж, Монголын эрдэмтэн судлаачид гаднын судалгааны байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтарсан мэдээллийг өгөх юм.

Бид их өндөр ач холбогдол өгч энэ хуралд оролцож байна. 20-р зууны эхэн үеэс монголчууд гаднын харгис түрэмгийллийн бодлогын хүчинд автаж өөрсдийн түүхээ гуйвуулж, мушгин ойлгосон үе бий. Үүнээс бидний түүхээ харах өнцөг үргэлжлээд явж байна.

Түүхийн завхралыг эмх цэгцэд оруулахад нөлөөлөх том хүчин зүйл бол археологийн салбар юм. Археологийн хөдөлшгүй баримтаар бидний түүх батлагддаг. Монгол хүн ямар төрт ёс, ахуй соёл, сүсэг бишрэлтэй байсаар ирснийг ч үүнээс харж болно.

-Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар түүхийн өргөн цар хүрээтэй ойлголтын талаар хөндөж байна.
-Тийм ээ. Хүннүгийн үед “Алтан бурхан” байсан, хүннүгийн алтан хүн бол бурхны дүр юм. 2000 гаруй жилийн түүхтэй Бий булгийн сүм Булган аймгийн Хутаг өндөр сумын Намнан уулын өвөрт бий. Энэ нь хүннүгийн үеийн сүм дуганы хөдөлшгүй нэг суурь юм. Үүнтэй адил түүхийн судалгааны олон баримтыг өнөөдөр танилцуулж байна. Бурхны шашны холбогдолтой үнэт зүйлсийг түүхийн үечлэлээр нь өнөөдөр танилцуулж буй юм.

Зарим хүн гаднын нөлөөгөөр Манжийн түрэмгийллээс болж Бурхны шашин дэлгэрсэн гэдэг өрөөсгөл ойлголттой байдаг. Гэтэл археологийн хөдөлшгүй баримт нотолгоонууд түүхийг өгүүлдэг.

Энэ эрдэм шинжилгээний хурал нь өмнөх түүхийн үндэс суурь болох ойлголтыг засах, залруулахад нөлөөтэй юм.

-Буддын шашны үнэт олдвор, өвүүдийг судлагдахуун болгож өргөн цар хүрээнд судалж чадаж байгаа юу?
-1990 оноос хойш монголчууд өөрсдийнхөө түүхийг мэдэх, түүнийгээ хөдөлшгүй баримтаар нотлох ажлыг идэвхтэй хийсэн. Монголын өргөн уудам нутагт хэдэн мянган жилийн өмнөх түүх хадгалаатай байгаа. Манай судлаач, археологичид олон улсын түвшний судалгааг хийж, гаднынхантай хамтарч ажиллах нь ч бий.

Гэхдээ судалгааны ажлууд хангалттай түвшинд биш. Бид Соёлын өвийг сэргээн засварлах дүрэм журам, хуультай. Үүний хүрээнд хийх олон зүйл бий. Археологичид, шинжлэх ухааны академийн ажил урагшилж байна гэж бид харж байгаа.

БУДДЫН ШАШНЫ ХОЛБОГДОЛТОЙ ЭД ӨЛГИЙН ЗҮЙЛСЭД МАНАЙ АРХЕОЛОГИЧДЫН МЭДЭХГҮЙ НАРИЙН УТГА АГУУЛГАТАЙ ЗҮЙЛС ОЛОН БИЙ

Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн:

-Буддын шашны холбогдолтой эд өлгийн зүйлсэд манай археологичдын мэдэхгүй нарийн утга агуулгатай зүйлс олон бий. Тэгэхээр цаашид эрдэм, мэдлэгтэй лам нарын тусламж, дэмжлэгийг авч Монголын археологийн дурсгалаас олдсон бурхны шашны холбогдолтой эд, өлгийн зүйлсийг илүү нарийвчлан судлан тайлбарлах боломжийг эрэлхийлж энэ хурлын зохион байгуулж байна.

Уг эрдэм шинжилгээний хурлыг 2, 3 жил тутамд нэг удаа зохион байгуулах тухай ярилцаж байгаа. Жил болгон археологийн дурсгалаас буддын шашинтай холбоотой эд зүйлс олддог.

Энэ жилийн тухайд Ван хааны ордон хэмээн үзэж ирсэн Туул голын эрэг дэх Сонгинын хэсэгт байрлах Хар түнийн ордны туурьд малтлага судалгааг судлаачид хийсэн. Тэндээс бурхны шашны холбогдолтой эд, өлгийн зүйлсүүд илэрсэн.

ХААД, ЯЗГУУРТНУУД ҮХСЭНИЙ ДАРААХ АМЬДРАЛ, ХОЙД НАСАНД ДАХИН ТӨРӨХ ТАЛААРХ СУДРУУДЫГ ОРЧУУЛЖ, СУДАЛЖ БАЙСАН

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн доктор А.Энхтөр:

-Би энэ хуралд Түрэг, Уйгурын үеийн дурсгалаас илэрсэн буддын шашинд холбогдох зүйлсийн талаарх илтгэлийг танилцуулсан. Түрэгийн хаант улсын үед буддын шашин хөгжиж дэлгэрч байсан. Хуучин Жужаны хаант улсын үед төмрийн албыг барьдаг байсан түрэгүүд шашны ойлголттой байсан нь тодорхой. Жужаны хаант улс маш олон лам нартай байсан. Тиймээс буддын шашин болон хойд насны талаарх ойлголттой байсан гэдэг нь тодорхой юм.

Хаад, язгууртнууд үхсэний дараах амьдрал, хойд насанд дахин төрөх талаарх судруудыг орчуулж, судалж байсан.

-Цар тахлын үед археологичид шинэ судлагдахуун дээр ажиллав уу. Эсвэл зогсонги байдалд орсон уу?
-Цар тахлын улмаас гаднын улсуудтай хамтарсан төслүүд л зогсон. Бид дотооддоо ажлаа хийдгээрээ л хийж байгаа. Өмнө нь олдсон олдвор, хэрэглэгдэхүүнээ задалж дүгнэх, лабораторийн судалгааг түлхүү хийж байна.

Эх сурвалж: Gogo.mn