Бурхан багшийн их дүйчэн өдрийн баяр 2019 бид юу хийх вэ?
Бурхан багш эхээс мэндэлсэн, бурхан багш гэгээрлийн хутгийг олсон, бурхан багш нирваан дүрийг үзүүлсэн гайхамшигт өдөр зуны тэргүүн сарын шинийн 15 нд болдог.
Бурхан багш 2500 гаруй жилийн тэртээ эгэл нэгэн хүнээс эгэлгүй бурхны хутгийг хичээл зүтгэлийн хүчээр олсон юм. Амьд ахуй хугацаандаа номлол сургаалиа айлдсан ба мянга мянган жилийн турш олон шавь нар нь гэгээрч, тэрхүү гэгээрлийн сургаалыг бусдад заасаар байна.
Дэлхий дээр 500 гаруй сая хүн бурхны шашинтай бөгөөд бүх шашинтнуудын хувьд энэ өдөр хамгийн чухал тэмдэглэлт өдөр юм.
НҮБ-аас дэлхий дахинд зуны тэргүүн сарын шинийн 15-ийг Бурхан багшийн их дүйчэн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн ба олон олон улсууд тэрхүү өдрийг төр засаг ард түмний оролцоотой өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсээр байна.
Монгол улс ч бурхан багшийн их дүйчэн өдрийг тогтмол тэмдэглэн өнгөрүүлсээр ирлээ.
Тухайн өдөр хүн бүр бурхан багшийн үйлс замналыг дурсан санаж даган дуурайхыг хүсдэг бөгөөд хүн төрөлхтний өмнө байгуулсан гавьяаг нь гайхан шагширдаг юм.
Бурхан багшийн сургаал энгийн ойлгомжтой байдаг боловч хэрэгжүүлэхэд нэлээдгүй бэрхшээлтэй тулгардаг онцлогтой. Уламжлалт бурхны шашинтнууд энэ өдөр сахил санваар сахих, ном сургаалыг нь унших, бусдад буянтай үйлс бүтээх зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Харин энгийн сүсэгтэн хүмүүс буян хураахын төлөө энэ өдөр бүх талаар хичээдэг.
Буян хураах энгийн аргуудыг дурьдвал:
- Цагаан хоол идэх
- Сахил сахих
- Бурханы ном унших
- Бусдад туслах
- Бусдад өглөг өгөх
- Бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх
- Хийд орон цэвэрлэх
- Гэр бүлийнхнийгээ баярлуулах
- Хүн амьтныг хооллох
- Бурхан багшийн сургаалыг сурталчлах
- Бясалгал хийх
- Ээж аавынхаа ачийг хариулахын төлөө ажил хийх
- Багшийг хүндлэн хайрлах туслах
- Хамт олноо уриалан сайн үйлс хийх
- Өвчтэй хүнийг асрах
- Ганц бие өндөр настай хүмүүсийг халамжлах
- Өрх толгойлсон эмэгтэйд туслах
- Бусдын сургалтын төлбөрт нэмэр болох
- Ядуу зүдүү хүмүүст туслах
- Компаниараа нийгмийн хариуцлагатай ажил хийх
- Мод тарих
- Гол усны ай савыг цэвэрлэх
- Хайртай хүмүүсээ баярлуулах
Гэх мэтийг дурдаж болно.
Энэ жилийн бурхан багшийн их дүйчэн өдөр 2019 оны 5 дугаар сар 18 –нд болно.
Саяханы сэтгэгдэл