Монголчуудын хувьд, Бурханы шашны өнө эртний уламжлалт орны хувьд, энэхүү Дүйчэн өдрийг тэмдэглэсээр ирсэн сайхан уламжлалтай юм.
Эдүгээ цагт бид тодорхой шинэ соргог зорилт талбин тэмдэглэж байдаг болсон. Үүний нэг илрэл нь энэ жилийн хувьд “Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе” гэсэн уриан доор явуулахаар төлөвлөж байна.

Манай орны хувьд энэ их Дүйчэн өдөр нь 2020 оны 6-р сарын 5-ны өдөр тохиож байгаа юм.
Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг (Весак) дэлхийн бурханы шашинт улс орон, ард түмэн буяныг хотол чуулганыг бүрэлдүүлэн өргөн дэлгэр тэмдэглэж байгаагаас ихэнх улс орон энэ өдрийг баярын хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр болгон нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг.
Бурханы шашинт Азийн зарим улс орны төр засгаас энэхүү өдөр ярга бойны газрыг хаах, архи дарс худалдаалахыг хориглох, зугаа цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоох зэрэг шийдвэр гаргаж, үндэсний хүчирхийлэлгүй өдөр болгон тэмдэглэдэг байна.
2500 жилийн тэртээгээс Бурхан Багшийн сургаалын хүн төрөлхтний эв санааны нэгдэл, оюуны хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, эдүгээ ч дэлхийд олон зуун сая хүн ард энэхүү тэмдэглэлт өдрийг тэмдэглэж буй ач холбогдлыг харгалзан үзэж, 1999 оны 12 сарын 15-ны өдрийн НҮБ –н Ерөнхий Ассемблейн A/54/L59 тоот тогтоолоор Олон улсын тэмдэглэлт өдөр болгон зарласан тухай дээр нэгэнт дурдсан билээ.
Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг Монголын сүм хийдүүд болон ард түмэн нэн эртнээс тэмдэглэн өнгөрүүлж ирсэн түүхэн уламжлалтай. Энэхүү уламжлал хэсэг хугацаанд тасарсан авч 1990 оноос Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг энэрэл нигүүслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, ёс заншил, өв соёлоо өвлүүлэх сэдэв агуулган дор өргөн тэмдэглэж ирсэн болно.

БНЭУ-ын элчин сайд Кушок Бакула Ренбүүчи 1992 оны 3 дугаар сард Соёлын яамны сайд Н.Энхбаяр болон албаны бусад хүмүүсийг урьж, Улаанбаатарт хүлээн авч, энэхүү “гурван үйл явдал давхцсан өдөр” буюу “Бурхан багшийн Их дүйчин өдөр”-ийн ач холбогдлын талаар тайлбарлан, нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох боломжийн талаар уулзаж ярилцсан байна. Мөн Элчин багш Энэтхэг болон Азийн бусад олон улс оронд энэ баярыг онцгойлон тэмдэглэлэг болохын ач холбогдлыг хүрэлцэн ирсэн албаны хүмүүст тайлбарлан, Монголд энэ тэмдэглэлт өдрийг зохион байгуулах талаар санал тавьж, ярилцжээ. Уулзалтад тэр үеийн Соёлын яамны сайд Н.Энхбаяр, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Хамба лам Д.Чойжамц, Дашчойлин хийдийн Хамба лам Дамбажав, бусад сүм хийдийн тэргүүн нар, мөн түүнчлэн Улаанбаатар хотын дарга Л.Энэбиш, нэрт яруу найрагч О.Дашбалбар, Ш.Лувсанвандан, Монгол-Энэтхэгийн найрамдал нийгэмлэгийн Ерөнхийлөгч, лам хувраг болон бусад нэр хүндтэй хүмүүс оролцсон байна. Энэ уулзалтын үр дүнд Бакула Ренбүүчий багшийн саналыг Монголын тал зөвшөөрч, 70 жилийн дараа энэ баярыг анх удаа тэмдэглэх ажлыг зохион байгуулах Хороог байгуулж, даргаар нь Л.Энэбишийг томилсон. Ингээд хоёр сарын дараа буюу 1992.05.18-ны өдөр “Бурхан багшийн Их Дүйчэн өдөр”-ийн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтжээ.

Энэ тэмдэглэлт баярын өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж, 10.0-15.0 мянган хүн оролцсон маш том арга хэмжээ болсон юм. Цэнгэлдэхийн төв талбай дээр мянган гэрлийн долгион цацарсан Бурхан багшийн дүр бүхий эртний ариун нандин танкаг дэлгэн толилуулжээ. Энэ нь Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбат, Засгийн газрын сайдууд, төрийн албаны хүмүүс анх удаа ямар ч айдас хүйдэс, болгоомжлолд авталгүй шашин соёлын үйл ажиллагаанд оролцсон явдал болжээ. Ерөнхийлөгч П.Очирбат хэлэхдээ олон арван жил үргэлжилсэн коммунист дэглэмийг буруушааж, тэрхүү аймшигт харгислал дахин хэзээ ч давтах ёсгүйг амлан, Монгол улсад үндэсний зан заншил, Бурханы шашин дахин сэргэх шинэ үе ирлээ гэж онцлон тэмдэглэсэн юм.
Бурхан багшийн Их дүйчин өдөр”-ийн баяр ёслолын ажиллагааг нээж лам хуврагууд “Санжод Монлам” хурав. Эрдэмтэн лам багш нар энэ тэмдэглэлт өдрийн ач холбогдол, Шагжамүни Бурхан багшийн амьдрал, сургаал номлолын талаар айлдвар айлдав.

Бакула Ренбүүчи Элчин багш цугласан олонд хандан, Монгол орны Бурханы шашны өнө эртний хийгээд агуу их түүхээс, мөн энэ нь цагийн эрхээр доройтон буурсан нь нийгэмд ямар үр дагавартай болохыг нэхэн сануулсан юм. Нийгмээ засан тохинуулахын тулд Бурханы шашны соёл уламжлалыг улс орондоо сэргээн хөгжүүлэхэд Монголын ард түмэн хичээл зүтгэл гаргахыг Элчин багш уриалж байв. Мөн коммунизмаас ардчилсан нийгэмд шилжихэд уур хорсол, өшөө хорслын хариу үр дагаврыг авчрахгүйн тулд хүчирхийлэлгүй, ард түмэн эв нэгдэлтэй, нэгдмэл байхын чухлыг ахин дахин давтан хэлсэн юм. Мөн архины хор уршгийн талаар ард олон, цугласан олонд айлдав. Ард олон эрүүл саруул аж төрөхийн тулд бүх төрлийн мансууруулах бодис, ялангуяа төрөл бүрийн cогтууруулах ундаа, архи хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Ингэх эхний ахлам нь Билгийн тооллын сар бүрийн Шинийн 15-ны Бүтэн сартай энэ чухал өдөр архи, согтууруулах ундаа уухыг тэвчих зан үйлийг хэрэгжүүлэхээс эхэлж болно. Мөн энэ өдөр амьтны амь таслах, мах идэхийг тэвчиж, буян хураахыг уриалсан юм.
Монголын бурханы шашны сүм хийдүүд, Монголын сүсэгтний холбоо бусад Бурханы шашны ТББ-ууд, нийт сүсэгтэн олны Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг Бурханы шашинт бусад орны жишгээр баяр амралтын өдөр болгох гэсэн хүсэлтийг Монголын үндэсний шашин соёлоо эрхэмлэгч нэр бүхий УИХ-ын гишүүд хүлээн авч дэмжсэн ба уг хуулийн төслийг 2019 оны 12 сарын 20 өдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэн олонхийн саналаар баталж, Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг нийтийн баяр амралтын өдөр болгосон.

Ингэснээр Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг ёс суртахуунаа эрхэмлэдэг, өөрийн явдал мөрөө эргэн харах, үнэлэлт дүгнэлт өгч, сайн үйл бүхнээ дэлгэрүүлж, саар муу бүхнийг тэвчин, асрал энэрлийг үүсгэсэн, нэг нэгнээ хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрласан, буяныг хотлоор хурааж, нүглийг тэвчиж сайн сайхан буянт үйлсийг дэлгэрүүлж байхыг онцлон тэмдэглэсэн.
Энэ жилийн Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийн баярыг тэмдэглэх ажлын хэсэг албан ёсоор байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд байгаль хамгаалах буяны үйлсийн хүрээнд Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх, Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд мод тарих, соён гэгээрлийн чиглэлд цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан гар зураг, эссэ бичлэгийн уралдаан, багш нарын дунд “Миний Монголын бичиг соёл” монгол бичгийн уралдааныг зохион байгуулан ажиллаж байна.
Нийтээр Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг доор дурьдсан байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Үүнд:
1. Бурхан шүтээнд тахил өргөх, эргэл мөргөл хийх, хурал ном цахимаар айлтгуулах, гэмшил наманчлагаа үйлдэх, өргөл хандив өргөх,
2. Арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буяныг хураах,
3. Нэг өдрийн сахил, мацаг, гэргийтний насан туршийн санваарийг авч сахих
4. Эцэг эхийн ачийг санах, амьд сэрүүн байгаа бол эрүүл энх, урт удаан наслахын тухайд залбирал ерөөл үйлдэх, гомдоосон бол өршөөл уучлал гуйх, архи тамхи тэргүүтэн муу зуршлаа орхих амлалт авч баярлуулах, хэрвээ эцэг эх нас нөхцсөн аваас хойдын мөрд нь хурал ном айлтгах, бурхан шүтээн босгох, ядарсан доройд туслах, зул тахил өргөх,
5. Хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идэх,
6. Ядуу хоосон, өвчтэй зовлонтой, төөрөлдөн явагч хүмүүст эд зүйлсийн өглөг өгөх, эм эмчээр туслах, эрдэм мэдлэгийг түгээх
7. Асрал, энэрэл, бодь сэтгэлийг үүсгэх, бясалгах,
8. Бурхан Багшийн намтар, үлгэрийн далай, бурханы шашны сургааль номлолыг унших, ухаарах, бясалгал бүтээл хийх, маани мэгзэм тэргүүтэн тарни, уншлагыг олноор тоолох,
9. Гал ус, дээрэм тонуул, араатан дайсны аюул нүүрлэсэн хүмүүсийг айдас хүйдсийн сэтгэлээс нь ангижруулах
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙГ УГТАН БОЛОН ТУХАЙН ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙД
А. БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙГ УГТСАН ХӨТӨЛБӨР, АРГА ХЭМЖЭЭНҮҮД
1. “Миний мэдэх Бурхан Багш” гар зургийн уралдаан уралдаан
2. “Бурханы шашин миний бодлоор” эссэ бичлэгийн уралдаан
3. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Баянзүрх хайрханд мод тарих
4. Тахилгат уул овоо, гол усны ай савыг цэвэрлэх, модонд уясан хадаг авах
5. Эмзэг бүлгийн хүмүүст эд материалын тусламж дэмжлэг үзүүлэх

Б. БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙН ХӨТӨЛБӨР
1. 05.00-07.00 цагийн хооронд Сүсэгтэн олонд нэг өдрийн сахил онлайнаар хүртээх
2. 09.30-10.30 цагийн хооронд Бурхан Багшийн Их Дүйчэн өдөрт зориулсан ёслолын арга хэмжээ МҮОНТВ-ийн 1-р сувгаар шууд дамжуулна.
3. 10.50-11.00 цагийн хооронд халамжийн цэцэрлэгийн онлайн нээлт
4. 10.30-12.30 цагийн хооронд Бурхан Багшийн Их Дүйчэн өдөрт зориулсан тусгай хөтөлбөр МҮОНТВ-ийн 1-р сувгаар шууд дамжуулна.
5. 10.00-17.00 цагийн хооронд Монголын бүх сүм хийдүүдэд “Бурхан Багшийн чого” хурал дотооддоо хурах
6. 05.00-21.00 цагийн хооронд Бурхан Багшийн Их Дүйчэн өдөрт зориулсан тусгай хөтөлбөрийг онлайнаар шууд дамжуулна.
7. 00.00-23.59 цагийн хооронд тухайн өдөр төрсөн хүүхдүүдэд бэлэг гардуулах
Энэ жилийн хувьд энэ мэт арга хэмжээнүүд болох бөгөөд Дүйчэн өдрийн талаар тодруулга мэдээлэл авах бол доорхи хаягаар хандаж боломжтой юм.
Харилцах утас: 88771818, 99994637, 99150795
Фэйсбүүк хаяг: Бурхан багшийн их дүйчэн өдөр/Ikh duichen/,
Веб сайт: Duichen.org.
е-майл хаяг: Ikhduichen@gmail.com
“Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг тэмдэглэх” ажлын хэсэг
2020. 06. 02.