Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа доктор, гавж Т.Булган гуайтай ярилцлаа.

-“Их Бодь мөрийн зэрэг” хэмээх энэхүү дээдийн номыг Төвөд, Монгол хэлээр лам хувраг, сүсэгтэн олон дөрвөн зууны тэртээгээс үзэж судалж оюун, сэтгэл, явдал мөрөө засаж гэгээрүүлж ирсэн уламжлалтай. Бага, дунд, дээд төрөлхтний зам мөрийг энэхүү дээдийн номд хөтөлж, бурхны хутагт хүргэх арга замыг дэлгэрүүлэн айлдсан гэдэг. Үүнийг та орчуулсан шүү дээ. “Бодь мөрийн зэрэг”-ийн судалгааны ажил хэрхэн өргөжин хөгжиж байгаа талаар яриагаа эхэлье?

-Гэгээрлийн тухай ойлголт нэлээд өргөн хүрээтэй. Өрнийн эрдэм мэдлэг, соёлын хүрээнд ч авч үздэг. Монголчуудын уламжлалт ухаанд эрт үеэс уламжилж ирсэн гэгээрэхүйн ухаан гэж том ухаан бий. Энэ нь сүүлдээ тодорхой системээр суралцаж оюун ухааныг хөгжүүлэх, дотоод сэтгэлээ сайжруулах, гэгээрүүлэх тогтолцоо болж хөгжсөн. Монголчууд буддын шашны уламжлалтай ард түмэн. Энэтхэг, Төвөдөөс дамжуулаад бурхны шашныг авсан, 2500 гаруй жилийн түүхтэй. 2500 гаран жилийн өмнө монголчууд Энэтхэгтэй хил залгаа оршдог байсан. Энэтхэгийн соёлын нөлөө, Монголчуудын өөрсдийнх нь үндэсний соёлын чадамж, гаднын соёлыг хүлээж авах чадамж зэргээс шалтгаалаад Будда багшийн номлосон номын ухаан, ялангуяа гэгээрэх, оюун ухаанаа сайжруулах үзэл онолын ном эртнээс дэлгэрсэн юм билээ. Тэр нь дангаараа биш монголчуудын өөрсдийнх нь үндэсний мэдлэг ухааны салбаруудтай цугтаа хөгжиж ирсэн. Хэдийгээр нүүдлийн соёл мэдлэгийн хүрээнд яригдаж байгаа ч нүүдэлчин монголчууд өнөөдрийн хөгжилтэй, соёлтой үеэсээ ч илүү дотоод нарийн ухааныг өвлөж авсан нь гайхамшиг, энэ нь Монголын ард түмний соёлын нэг онцлог.

Гэгээрэх ухаан нь Нагаржунай, Рандэв зэрэг Энэтхэгийн сэтгэгчдийн мэдлэг оюунаар хөгжөөд, 13-14-р зууны үеийн цаст Төвөдийн орны мэргэдээр дамжиж Богд Зонхова дээр ирж, Зонхова үүнийг нэлээд боловсруулж систем болгосон. 9, 10-р зууны үед амьдарч байсан Энэтхэгийн шинэчлэгчид 500 бандида нарын нэг Адиша гэгээн “Бодь мөрийн зэрэг”-ийг системчилж, “Гурван төрөлхтний мөр”, “Гурван төрөлхтний зам”, “Бодь мөр” гэсэн нэрийг анх гаргасан. Бодь мөр гэдэг нь гэгээрэх гэсэн утгатай. “Бодь мөр”, “зам мөр” гэж буй нь бидний оюун ухаанаа хөгжүүлэх үе шатуудыг хэлж байгаа юм. Бага төрөлхтний мөр, дунд төрөлхтний мөр, их төрөлхтний мөр гэсэн гурван үе шатанд хуваагаад тухай бүрд нь таарах оюуных нь гэгээрлийн хөгжлийн үе шатуудыг системчлээд номлочихсон. Гурван төрөлхтөн гэж байгаа боловч нэг л хүний явах, оюуныг хөгжүүлдэг зам мөрийг хэлж байгаа юм. Гурван үе шат нь нэг нэгтэйгээ уялдаатайгаар оюун сэтгэлээ хөгжүүлдэг замыг системчилж гаргаж ирснийг нь Богд Зонхова хөгжүүлж, “Бодь мөрийн их зэрэг”, “Бодь мөрийн бага зэрэг” гэсэн хоёр том боть болгон үлдээсэн. Энэ нь өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний сонгодог зохиол, дорнын ард түмний соёлын өв болон үлдсэн. Дараа нь Монголын мэргэд бас үүнийг хөгжүүлэхэд нэлээд хувь нэмэр оруулсан. Монголын олон эрдэмтэн мэргэд, лам нар “Бодь мөрийн зэрэг” чиглэлээр олон зуун бүтээл туурвисан. Үүний зарим нь судалгааны эргэлтэд орж, зарим нь орж чадаагүй, судлаачаа хүлээгээд байж байна.

“Бодь мөрийн зэрэг”-ийн судалгаа гэж том зүйл бий. 200 гаруй Монгол лам нар зөвхөн “Бодь мөрийн зэрэг”, “Гэгээрлийн мөр” гэдэг чиглэлээр ном бүтээлээ туурвисан гэсэн судлаачдын тооцоо бий. Монголын эрдэмтдээс “Бодь мөрийн зэрэг”-ээр том том зохиолууд бичсэн хүмүүс бол Халхын гурван зул гэж нэрлэгддэг Өндөр гэгээн Занабазар, Зая гэгээн, Ламын гэгээн нар юм. Эдгээр гурван эрдэмтдийн дээр нэмээд Ойрадын эрдэмтэн Чойжоо Одсэрийг бас дурдаж болно. 1937, 1938 оны хэлмэгдүүлэлтээс болоод бид зарим зүйлсээ алдчихаад мэдэхгүй байна. Харин өнөөдөр сэргээд манай шинэ цагийн эрдэмтэд энэ чиглэлээр судалгаа хийж байгаа. Багшийн их сургуулийн профессор Дагвадорж багш анх “Бодь мөрийн зэрэг”-ээр Москвад эрдмийн зэрэг хамгаалж байсан юм билээ. Саяхан манай Монгол Улсын Их сургуулийн Шашин судлалын багш Чимгээ “Бодь мөрийн зэрэг”-ийн нийгмийн асуудлаар бас судалгаа хийсэн. Шинэ судалгаануудаар баяжиж байна.

 Гэгээрлийг хүмүүс өөр өөрөөр ойлгодог. Гэгээрлийг хэрхэн ойлговол зүйтэй вэ?

-Шашин бол зөвхөн сүсэг төдий зүйл биш. Бурхан багш “Миний номыг зөвхөн сүсгээр битгий хязгаарлаарай” гэсэн байдаг. Сүсэгтэй байх их чухал бөгөөд энэ бол эхний нэг алхам. Тэрхүү сүсэг дээрээ суурилсан мэдлэг танд хэрэгтэй шүү дээ. Тэгж байж шашныг, гэгээрэхүйн ухаан гэж ярьж буй зүйлийг жинхэнээр нь ойлгоно. Зарим төрлийн амьтад дангаараа муу байдаг бол зарим нь дангаараа сайн буяны үрд төрдөг. Бүр дээд сайн буянтай нь тэнгэр бурхныхаа оронд төрнө. Дунд нь хүн гэж амьтан байна. Хүн төрөлхтөн бас онцлогтой. Сайн нь ч, муу нь ч байдаг учраас сайнаас суралцах, муугаа гээх боломжтой. Уураг тархи, ухаан мэдрэл, сэтгэл нь өөр өөр чухал онцлогтой байна. Тиймээс “Эрдэнэт хүмүүний төрөл” гэж эрдэнэтэй зүйрлэдэг нь бас учиртай. 18 учрал бүрдсэн хүний биеийг олсон бол энэ боломжийг ашиглаад гэгээрэх шат руугаа ахиад авах хэрэгтэй юм.

Уламжлалт анагаах ухаанд өвчний ойрын болон холын шалтгаан гэж бий. Холын шалтгаан нь мунхаг, хүсэл тачаал, уур хилэн буюу муу сэтгэл. Энэ бол өвчний суурь. Энэ бол зовлонгийн шалтгаан. Тиймээс өнөөдөр миний уур их хүрч байна уу, мунхаг их байна уу, хүсэл шунал их байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Бид компьютер, гар утаснаас болж маш их ядарч байна. Компьютер, гар утаснаас маш их мэдээлэл авч байгаа. Харин тэр мэдээллийг тэгш хуваарилж чадахгүйгээсээ болоод стрессдэж, бухимдаж, ядардаг. Бид хэрэгтэйгээ авч, хэрэггүйгээ хаяж чаддаггүй. Яавал зөв бэ, яавал буруу вэ гэдгийг ойлгох нь гэгээрэл юм. Энэ бол их энгийн зүйл. Дэндүү их шуналаасаа болж өвдөж, зовдог. Бурхан багш “Чиний зовлон мунхаг, уур хилэн, шуналаас гарна шүү” гэж айлдсан. Бид мунхагтаа хөтлөгдөөд бусдыг хайрладаггүй.

-Үүнийг хүмүүст хэрхэн ойлгуулах вэ?

-Түүхийн тодорхой нөхцөл байдлаас болоод уламжлалт соёл мэдлэг тодорхой хэмжээнд тасарсан. Уламжлалт ухаан таван салбар мэдлэгээр дамжиж хөгжсөн байдаг. Ухааны таван орон гэж нэрлэдэг. Хэл шинжлэл буюу дуун ухаан, логик буюу учир шалтгааны ухаан, урлахуйн ухаан, тэжээхүй ухаан, гүн ухаан гэсэн таван мэдлэгээр Будда багшаас хойш Энэтхэг, Төвөд, Монголд хөгжсөн. Энэ мэдлэгийг дамжуулж явж байсан сургалтын дацангууд хамт тасарсан. Монголд бурхны шашин гурван удаа дэлгэрсэн гэж бодоход хамгийн сүүлийн дэлгэрэлт нь 16-р зуунд юм. Энэ үед хэчнээн гавж, гаарамба, гэвш, бурхан урлаачид, маарамба, зурхайчид төрсөн юм, хэчнээн эрдэмтэн мэргэдийн ном бүтээл гарсан юм гэдэг тоо бүрэн гараагүй. Гомбожав хамба маань 1959 онд Олон улсын монголч эрдэмтдийн анхдугаар хурал дээр анх удаа “Монгол лам нарын бүтээл” гэсэн илтгэл тавьсан. “Төвөд хэлээр туурвисан Монгол лам нарын бүтээлийн тойм”-оос харахад 200 гаруй бүтээлийг бүртгэсэн байдаг. Шинэ үеийн судлаачдын судалгаанаас харахад, жишээ нь, Польшийн их сургуулийн судлаач Бямбаагийн судалгаанд 500 гаруй ном бүтээл туурвижээ гэсэн байна. Монголын нийгмийн байдлаас шалтгаалаад энэ мэдлэг ухаан 70 гаран жил тасарсан. Түүнийгээ сэргээж, хөгжүүлэх гэж 1990 оноос хойш их ажил үйлс болж байна. Үүн дээр Д.Нацагдорж хамбын хийж буй ажил их. Манба Дацанг дахин сэргээн хөгжүүллээ. Гандан дээр Чойрын дацангууд сэргэж байна. Урлахуйн ухаан сэргэж байна. Энэ бол бас боломж. Бид уламжлал, мэдлэгээ зөв олох боломж юм.

-Таны хэлсэнчлэн уламжлалт мэдлэг ухаанаа сэргээснээр олон лам хувраг, багш нар зөв мэдлэг, ухааныг түгээж, ном айлдаж байна. Буддын шашин, өв соёл, мэдлэг ухаанд суралцъя, мэдье гэсэн хүмүүс ч их болсон. Нийгмийн нөхцөл байдал, хэлмэгдүүлэлтээс болоод “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи юм” гэсэн уриа лоозон дунд өссөн хүмүүс одоо шашны талаар ойлгож, ном үзэхийг хүсэж байна. Тэдний хувьд юунаас эхэлбэл зохистой вэ?

-Ном сонсох хэрэгтэй. Одоо нэг үеэ бодвол кирилл бичиг дээр Бурхан багшийн номлосон номууд элбэг гардаг болж. Энгийн түвшинд цадиг түүхээс, сургаал номоос нь аль боломжоороо өөрөө үзэх хэрэгтэй. Жишээ нь, үлгэрийн далай, алтангэрэл, доржжадав судар байж болох юм. Дараа нь ном тавьдаг хүмүүсийн ном сургаалаас сонсох ёстой. Одоо ном тавьдаг лам нар олон болсон шүү дээ. Технологи хөгжиж, онлайн лекц, хичээлүүд их болсон. Тиймээс эхлээд сонсоод, түүнийгээ эргэцүүлж бодоод, хамгийн сүүлд бясалгах ёстой. Гэгээрэхүйн утга, мэдлэгийн үнэнийг өөрөө бясалгаж олдог. Одоо бол боломж их байна. Нөгөө талаас нийгэм шаардаж байна. Өнөөдөр бид техник технологийн маш өндөр хөгжилтэй хэр нь зовлонтой хэвээр. Өнөө үед энэ их хүчирхийлэл “Хүнийг хүн биш болсныг” харуулж байна. Хүнийг хүн болгодог, хүн байлгадаг ном бол бурхны ном шүү дээ. Тиймээс гэгээрэлд насны хэмжээ тавьдаггүй. Хүн савныхаа хэрээр хутгаж авдаг болохоос хорио цээр байхгүй болсон. Дэлхий дахины хандлага ч өөр болсон.

Төрийн түшээд, дарга, цэрэг, энгийн ажилчин хэн ч байсан хүмүүн заяагаар холбогддог. Хүмүүн заяаны зовлон, жаргал, ухаарал нь нэг. Тиймээс хүн гэдэг арангыг /Мангас/ номхотгож боловсруулахад хоёр цааз хэрэгтэй байдгийн нэг нь төрийн цааз, нөгөө нь шашны цааз юм. Монголчууд тэр ухааныг олсон нь шашны цааз буюу нүглээс ангид ёс суртахуун юм. Бид бүгдээрээ жаргалыг хүсдэг мөртөө яагаад зовлонд унаад байна вэ. Учир нь жаргах, амгаланд орших угаа олохгүй байна шүү дээ. Уургүй бол амгалан оршино, хүсэл шуналгүй бол амгалан оршино гэдгийг ухаарахгүй байна. Тиймээс Бурхан багшийн “Миний номыг сүсгээр бүү хязгаарла, цааш нь судлаарай” гэж айлдсанчлан бурхны номыг судалж, өөрийн ухаанаар шинж. Бид уран дарханд ээмэг, бөгж хийлгэе гэвэл эхлээд алтаа, дараа нь ур хийцийг гэх мэтчилэн нэлээд их шалгаж, шинждэг шүү дээ. Үүний нэгэн адил бурхны номыг хүний хэлснээр сайн гэвэл сайн, муу гэвэл муу гэлгүйгээр өөрийн ухаанаар шинжих хэрэгтэй. Судлах, суралцах, шинжлэх зүйлийг хамтад нь хийгээрэй.

Будда багш үнэнийг өөрөө олсон. Тиймээс “Хутагтын дөрвөн үнэн” гэж хамгийн түрүүнд айлдсан. Өрнийн философичид ч ялгаагүй үнэнийг хайж явсан. Эйнштэйн, Сократ зэрэг том сэтгэгчид бүгд үнэнийг эрж хайсан. Үүн шиг Будда багш үнэний үр эрдэм, худлын үр дагавар нь юу вэ гэдгийг судалж, шинжилснээр хоосон чанар, шүтэн барилдахуйн ухаан зэрэг том том онолуудаа гаргаж тавьсан. Тэрхүү онолыг орчин цагийн эрдэмтэн судлаачид судлаад гайхан биширч байна. Академич Жүгдэр, Лувсанцэрэн зэрэг сайхан судлаачид үүнийг судлаад Монголын буддын судлалыг хөгжүүлсэн юм. Монголын буддын судлалын салбар МУИС, Философийн хүрээлэн, Багшийн их сургууль дээр байна. Оточ Манрамба Их Сургуульд бас Буддын судлалын тэнхим бий. Залуучууд буддын судлалд суралцах хэрэгтэй. Буддын судлалыг бид хөгжүүлж, авч явах ёстой юм.

ОТОЧ МАНРАМБА ИХ СУРГУУЛЬ ЁС СУРТАХУУН ДЭЭР СУУРИЛСАН СУРГАЛТТАЙ

-Залуучууд буддын судлалд суралцах хэрэгтэй гэдэг яах аргагүй үнэн. Та Монголын буддизм гэж нэлээд тодотгож ярилаа. Монголын буддизмыг хөгжүүлэхэд таны оруулсан хувь нэмэр их. Үүнийг цаашид хэрхэн, яаж хөгжүүлэх вэ?

-Үүнийг хөгжүүлэхэд олон түмний ухаан хэрэгтэй. Бидний номын ухаанаар “Нийтийн буян” гэж хэлдэг. Хувь хүний буян нүглээс гадна нийтийн буян гэж бий. Монголын шашин соёлыг хамгаалахын тулд монголчууд нийтээрээ хичээх хэрэгтэй. Үүнийг соёлын өв гэж бодох ёстой. Шашин гэдгийг хүмүүс янз бүрээр ойлгодог. Шашин гэдэг нь санскрит үгнээс гаралтай. Дорно дахины шашныг тайлбарладаг тайлбар өрнийн шашныг тайлбарладаг тайлбар хоёр өөр. Үүнийг шашин судлалын үүднээс ялгаж сайн үзэх хэрэгтэй. Ганц лам, ганц сүсэгтний хичээл зүтгэлээс гадна нийтийн буян, нийтийн хичээл зүтгэлээс ихээхэн шалтгаална. Би гүн ухааны чиглэлээр МУИС болон Оточ Манрамба Их Сургуульд багшилдаг. Багш нарынхаа сургасан мэдлэг ухааныг хойч үедээ өвлүүлэхийн тухайд далай шиг их ухааны дэргэд дусал төдий зүйлийг л хийж явна даа.

-Оточ Манрамба Их Сургуулийн оюутнууд нэгдүгээр курсээсээ эхлэн “Бодь мөрийн зэрэг”-ийг үзэж судалдаг. Ид өсөж, хүмүүжиж, төлөвших насанд нь сайн, мууг ялгах, уур хилэн, мунхаг, хүсэл шуналаас ангид байх ухааныг зааж, ёс суртахууныг номлож байгаа нь үнэхээр давуу талтай гэж харлаа. Үүнээс бусад сургуулиуд суралцах хэрэгтэй гэж бодогдлоо?

-Оточ маарамба, эмч хүн бусдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө ажиллах тангарагтай. Дээр үед маарамба нарыг бэлтгэж байсан сургалтад мөн гүн ухааны хичээл ордог байсан. Маарамбын дацанд чойрын ном ч үздэг, бодь мөрийн зэрэг, гэгээрэх ухаанаас ч үздэг уламжлалтай байсан. Хүнийг эмчилж байгаа хүн бурхан байх ёстой. Өөрөө бурханлаг байж бусдад тусална. Өөрөө зовлонтой бол бусдад тусалж чадахгүй. Энэ утгаараа эмч хүн бурхны номоос тодорхой хэмжээнд сурах ёстой. Энэ мэдлэг ухаанаас зайлшгүй суралцаж байж тухайн эмчийн оюун сэтгэл, хүнийг эмчлэх арга ухаан бий болно. Тиймээс Оточ Манрамба Их Сургууль “Бодь мөрийн зэрэг” номыг үзэж судалдаг. Ёс суртахуунаа алдвал хэн ч байсан үнэлэмжээ алддаг. Тиймээс Оточ Манрамба Их Сургууль нь ёс суртахуун дээр суурилсан мэдлэгүүдийг шат дараалалтай оруулдаг ёс суртахуун дээр суурилсан сургалттай гэж хэлж болно.

-Уламжлалт анагаахын эмчилгээ үйлчилгээ, сургалт, үйлдвэрлэл, судалгаа шинжилгээний ажил эрчимтэй явагдаж, хөгжиж байна. Гэгээрэхүйн ухаан, ёс суртахууныг уламжлалтын эмчилгээ үйлчилгээгээр дамжуулан олон хүн авч байна. Та уламжлалт анагаах ухааны ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар юу хэлэх вэ?

-Уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээ, эмнэлэг хэрэгтэй юм байна гэдгийг Монголын ард түмэн ухаарч ойлгосон. Эртнээсээ мэддэг байсан. Энэ бол 1990 оноос хойш мэдсэн зүйл биш шүү дээ. Монголын шашны мэдлэгээр дамжиж ирсэн Манба Дацангийн сургалт, үүнээс төрж байгаа эмч нар наад зах нь гурав, дөрвөн зуун жилийн түүхтэй. Халхын их маарамба Лүнрэгдандар, Ойрадын Намхайжамц маарамбаас авхуулаад үе үе, зуун зуунаар нь яривал олон сайхан эмч, маарамбууд ард түмэндээ тус болж явсан. Харамсалтай нь үзэл суртлын хэцүү үед гажуудуулаад явчихсан болохоос ард түмэн хэрэглээд, хүнд хэцүү үед ч лам нар, маарамбууд нууцаар судас барьж оношлоод, эмчлээд ирсэн юм.

Миний хэд хэдэн эмч багш нар бий. Намайг бага байхад багш дээр минь хүмүүс ирж нууцаар судсаа  чагнуулаад ганц хоёр тун эм аваад явдаг байсан. Тухайн үед эм тан барьдаг байсан лам нарыг барьж хориод, эм танг нь хураадаг байлаа. Хэдий цаг үе нь хатуу бэрх байсан ч цаанаасаа хэрэгцээ нь байсан учраас лам, маарамбаас тан залаад, бариач дээр очдог л байсан. Тухайн үед Өрнийн анагаах ухаан ороод ирчихсэн, уламжлалт анагаах ухааныг хорьж цагдаж байсан ч ард түмний эмчлүүлэх гэсэн хүсэл, хэрэгцээ шаардлага, эмчилгээний үр дүн байсан учраас уламжлалт анагаах ухааны цаад язгуур нь хэзээ ч устаагүй. Өрнийн анагаах ухаан хэрэгтэй, хамт хөгжөөд л явах ёстой.

Өвчингүй байна гэдэг нь нисваанисгүй байхын нэр шүү дээ. Орчин цагийн анагаах ухаанд гурван хорыг /Уур хилэн, мунхаг, хүсэл шунал/ дардаг ерөндөг эм одоогоор гараагүй. Далай лам “Миний уурыг дардаг вакцин гарвал надад хэлээрэй” гэж хошигносон байдаг. Гурван хор буюу муу сэтгэлээ дарах ухааныг бурхны шашин, бурхны шашны салбар ухаануудын нэг уламжлалт анагаах ухаанаас олж судлах хэрэгтэй. Монголын уламжлалт эмнэлэг, сургалтын төв Манба Дацан, Манба Дацан нэгдсэн эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль бол энэ чиглэлд өрнөн хөгжиж байгаа цогцолбор. Залуу чадвартай сайхан эмч нарыг бэлтгэж, сургалт, эмчилгээ, үйлдвэрлэл, дацан хийдийн үйл ажиллагааг цогцоор нь хөгжүүлээд явж байна. Цаашид ч өрнөн хөгжөөсэй гэсэн ерөөлийг өргөж явдаг.

-Ярилцсанд баярлалаа. Таны номын цагаан буян арван зүгтээ дэлгэрэх болтугай.

Эх сурвалж: “Уламжлалт анагаах ухаан” сонин