Өндөр Гэгээн Занабазарын их дүйчин өдрийг тохиолдуулан Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц өнөөдөр /2019.02.18/ Буянт-Ухаа спорт цогцолборт сүсэгтэн олонд ном айлдаж, Жанлавцогзол судрын тухай тайлбар хийлээ. Тэрбээр:

“Өндөр гэгээн Занабазар цаг цэвүүн, монголчууд эв түнжингүй нэгэнтэйгээ эвдрэлцэж уруудах цаг дор эв эе, энх амгалан энэрэл нигүүлсэлийг бэлгэдэж Жанлавцогзол номоо айлдаж байсан. “Өндөр гэгээн Занабазарын  амьдарч байсан үе цөвийн цаг байсан. Нэгдүгээрт хүний сэтгэл муудах цаг цөвүүн болохын илрэл юм. Хоёрдугаарт насны магадлал байхгүй болдог. Хэзээ ч нас барж болно. Гуравдугаарт, цаг хугацааны цөв буюу байгаль цаг уур өөрчлөгдөх, өвөл цас орохгүй, зун бороо орохгүй байх. Дөрөвдүгээрт, Араатан амьтны цөв буюу амьтдын идэш тэжээл амьдралын хэв маяг өөрчлөгдөхийг хэлнэ. Энэ бүхний хамгийн гол шинж нь хүний сэтгэл хамгийн их муудах юм. Үүнийг боловсрол мэдлэг, сэтгэлийн энэрэл нигүүлсэлээр арилгана.

Жанлавцогзол номын ид шид түүний наймдугаар дүр шашин төрийг хослуулан баригч VIII Богджавзандамба хутагтын үед 1911 онд монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулснаар биелэлээ олсон юм. Жавзандамба хутагтын үед монголчууд тусгаар тогтнолоо олохын төлөө эв нэгдэж, нэг чихтэй байсан. Жанлавцогзол хэмээх энэхүү эв эе, энэрэл нигүүлсэлийн гүн утгатай номыг өнөөдөр ч бид уншиж байгаа. Монголын ард түмэн өмнөх цаг үеийн гашуун түүхээс сургамж авч үргэлж санаж байх хэрэгтэй. Монголчууд эвдэрч хагаран бутрах үедээ уруудаж бусдын эрхшээлд орж байсан. Өнөөдөр монголчууд өөр хоорондоо тэмцэлдэж, эрх мэдэл, мөнгө, албан тушаалын төлөө нэгийгээ олон нийтийн сүлжээнд гутаан доромжлох нь ихэсч байна. Сүүлийн 25 жилд  миний ажигласнаар маш олон хүн хоорондоо эвдрэлцэж, нэгийгээ гутаан доромжилж, эв түнжингүй боллоо. Нэг хүнийг гутаан доромжлох асуудал монголчуудын эв нэгдэлд сөргөөр нөлөөлж байна. Эцэст нь  нэг л өдөр эвдэрэл,  үзэн ядалт хэрүүл маргаан задарч, нэгийгээ үзэж чадахаа байх үед энэ улс орны тусгаар тогтнол хаашаа ч эргэж мэднэ. Хагарал дээр хөгжил дэвшил ирнэ гэж байхгүй.

Өнөөдрийн хэрүүл тэмцэл маргаантай байгаа үед биднийг эвлэрэлээс өөр зүйл аварч чадахгүй. Энэ цаг үед Жанлавцогзол номыг маш олон удаа унших хэрэгтэй. Уур хорслыг энэрэл хайраар дийлдэг. Монголчууд бие биенийгээ дэмжиж, нэгдэж чадвал сайхан амьдарна. Ер нь аливаа муу зүйлийг хүлээж аваад даган баясах нь бид өөрсдөдөө нүгэл хураадаг. Сайн үйл хийхийг дагаж байхад буян хурааж, гэгээрч байдаг. Иймд шороон гахай жилдээ Монголын ард түмэн эв эетэй байж, бүгдээрээ сайн сайхан аз жаргалтай байхыг хүсэн ерөөе” гэлээ.

Эх сурвалж: News.mn