“Олон улсын Буддист нийгэмлэг” буюу “IBS” байгууллагын зохион байгуулдаг “Ухаарахуй” цуврал лекцийн үеэр Монголын буддын шашны анхны өргөө болсон Бат- Эрдэнэзуу хийдийн Хамба Х.Баасансүрэнтэй ярилцлаа. Анх түүний олон сургаал, зөв зүйтэй амьдрахын уриалга үгсийг манай сайт уншигчдадаа хүргэж байсан билээ.

Тухайлбал,

http://society.time.mn/content/32827.shtml

http://society.time.mn/content/33284.shtml

http://society.time.mn/content/33571.shtml

гэх мэт дээрх нийтлэлүүд манай сайтад гарсан даруйд олон арван мянган хүн эдгээрийг уншиж, бидэнд хандаж байсан юм. Ингээд хэвлэлд тэр бүр ярилцлага нь нийтлэгдэж байгаагүй эрхмийн ярилцлагыг танд хүргэе.

-Тантай анх фэйсбүүкээр танилцсан гэж би боддог юм. Олон хүн таныг сошиал хүрээнд идэвхтэй бичдэг байсныг чинь мэдэх байх. Яагаад бичихээ больчихов?

-Хувийн учир шалтгаан байсан. Би өөрөө бясалгал хийдэг хүн. Бясалгал хийдэг хүнд гадны олон янзын нөлөөлөл бий болох тохиолдол бий. Түүнээс болж өөрийгөө цэнэж, хянаж эхлэх талтай. Миний тэнд хэлсэн үгэнд хүмүүс олон лайк дарна, магтаал ирнэ. Энэ бол сайхан зүйл. Гэхдээ энэ бүх хандлагууд ирэхэд хэдийгээр би гадна талдаа тоохгүй байгаа мэт боловч сэтгэлийн нарийн түвшинд хэдийнэ нөлөөллийг нь анзаарчихна. Нэр хүнд(хүмүүс намайг юу гэх бол гэдэг ч юм уу)-ийн тухай бодож эхлэх жишээтэй. Би бол өөрийгөө л чагнадаг, хардаг, хөгжүүлэх тухай ярьдаг хүн. Яагаад вэ гэж үү, миний өөрийн бодол юу гэхээр би яах гэж лам болсон юм бэ гэдэг асуултаас эхэлнэ. Лам хуврага гэдэг чинь бурханы ном, гэгээрлийн төлөө зорьж, түүнд чиглэсэн хүнийг л хэлнэ шүү дээ. Тэгэхээр түүний учрыг олно гэдэг өөрийн эго дагнасан сэтгэлийг дарах ёстой гэсэн үг. Гэтэл түүнд нэр хүнд, түүний талаарх санаа зовинол нөлөөлөөд ирнэ гэхээр сошиал ертөнцөд хандах хандлагыхаа тухай бодолцож эхлэх ёстой болж ирж байгаа юм. Тиймээс ч фэйсбүүкээс хамааралтай баймааргүй байна гэж, түүнд зориулах цагаа бясалгалд зарцуулах учиртай гэж үзсэн хэрэг. Мэдээж хүмүүст туслахын тулд хэлж буй үг санаа минь зөв боловч үүнд автаж болохгүй нь ойлгомжтой хэрэг юм. Нөгөөтэйгүүр хүмүүс намайг төсөөллөөр ойлгочихно. Бодит би өөр хүн шүү дээ. Дараа нь фэйсбүүкд намайг харсан хүмүүс бодит байдал дээр өөрийнхөө төсөөллөөр намайг байлгах гэж зүтгэнэ. Би ч тэр байдалд нь зориулж өөрөөр сэтгэж эхэлнэ. Хэн намайг юу гээд ойлгочих бол гэхчилэн бодлууд төрнө. Гэхдээ энэ бүхэн тийм ч хүнд зүйл биш учраас удахгүй дахиад бичиж эхэлнэ. Магадгүй тэнд бичсэн зүйлсээ эмхтгэж бяцхан товхимол болгодог ч юм уу гэсэн санаа төрж байгаа.

-“Ухаарахуй” лекцийн тухайд?

-Би хувьдаа ийм зарчим баримталдаг. Хэн намайг сонсохыг хүснэ би бэлэн байдаг. Түүнээс биш би өөрийгөө зарлаад явах сонирхолгүй хүн. “Олон улсын Буддист нийгэмлэг” буюу “IBS” байгууллагын залуус өнгөрсөн жилийн зургаадугаар сард “Ухаарахуй” цуврал лекц зохион байгуулахыг урьсан. Түүнээс хойш сар бүр энэ лекцийг тогтмол зохион байгуулж байна.

-Нэгэнт л ийм лекц зохион байгуулж байгаа учраас өнөөгийн хүмүүст, тэр тусмаа залууст гэдэг ч юм уу ямар сургаал, номлол хүргэх ёстой тухай та бодож байгаа байх. Зорьж байгаа зүйл ч байгаа биз дээ.

-Мэдээж олон зүйл байгаа л даа. Гэхдээ бүх юмыг өөрчилж чадахгүй. Бид бүх юмыг өөрчлөх гээд, өөрийн сэтгэлд тааруулж нийцүүлэх гээд болохгүй болохоор нь хямраад зовоод байдаг. Тиймээс чи өөрийнхөө зүгээс чадах зүйлээ л хий. Үр дүн нь мянга биш гурван хүнд ч гарч болно. Энэ чинь үр дүн мөн. Түүнээс биш бусад хүмүүсийг өөрчлөх гээд “Хүүе хаая” гэж дуудаад лекцэнд суулгах гээд хүчлээд байх шаардлага байхгүй. Яагаад гэвэл, хэнд ч цаг хугацаа гэж байдаг л байхгүй юу. Энд ирээд сонсох хэмжээндээ болсон үедээ л хүн ирж сонсдог. Болоогүй үедээ хэчнээн дуудаад, хажууханд ирчихсэн мөртлөө орж ирэхгүй. Гэнэт ухаараад л ирдэг. Хүн бүрт тийм цаг хугацаа бий. Гэтэл цаг нь ирээгүй байхад би юундаа яарах билээ. Шоронд ял эдэлж байгаа хүмүүстэй би уулздаг, олон байгууллага намайг дууддаг. Тэр болгонд нь би очдог. Ийм уулзалт давуу талтай байдаг. “Чи нааш ир” гэж би хүмүүсийг дуудах бус, “Би үүнийг л мэдмээр байна” гэж хүмүүс намайг дуудах хоёр тэс ондоо шүү дээ. Мэдье гэж хүсэж ирж байгаа хүмүүстэй уулзах нь илүү үр дүнтэй. Тийм болохоор хаана эрэлхийлэгчид байна тэнд би очихыг хүсдэг.

-Ял эдэлж байгаа хүмүүстэй уулздаг гэдэг тань сонирхолтой санагдлаа. Тэд хэрхэн хүлээж авдаг, юу хүсдэг вэ?

-Тэдний олонх нь хайраар дутсан хүмүүс байдаг. Хүнд хэргээр ял эдэлж байгаа ихэнх хоригдлууд эхийн сүүгээр амлаагүй өсөж торнисон тухай уншиж байлаа. Бага насандаа хайрыг тэр болгон амсаж мэдрээгүй, дандаа зөрчил дунд, дарамт дунд өссөн хүүхдүүд хэрэгт холбогддог. Тэдний тавьдаг асуулт юу байдаг гээч. 90 хувь нь хайрыг асуудаг. “Миний эхнэр намайг гартал хүлээх болов уу”, “Насны эцэст хайртай хүмүүсээрээ хүрээлүүлж суух тавилан надад байна уу”, “Би нэг хүнтэй мессежээр танилцсан, тэр бидний хооронд хайр бий болох уу” гэхчлэн байнга асуудаг. Ганцаарчилж ярилцахыг тэд хүсдэг. Сэтгэлзүйн зөвлөгөө тэдэнд ямар их хэрэгтэй нь эндээс харагдаж байгаа юм. Магадгүй тэдэнд зүгээр нэг ойлголтын түвшний зүйл биш бүр бясалгалын түвшинд, тэр хүнийг өөрчлөх түвшний зүйл хэрэгтэй. Тэгвэл тэд гарч ирэхдээ ямар зөв бодолтой хүмүүс болсон байх бол.

-Тэгэхээр та хорих газарт лам хүний хувьд очдог уу, сэтгэлзүйч хүний хувьд уу?

-Лам хүн чинь угаасаа сэтгэлзүйч. Урьд нь сэтгэлзүйчийн үүргийг лам нар маш сайн гүйцэтгэж байсан учраас л хүмүүс лам дээр очдог байсан. Одоо лам нар үүнийг чадахгүй байгаа учраас л хүмүүс бөө, удган барааддаг болж. Тийм биз дээ, сэтгэлзүйч. Хүн тулгарсан асуудал, сэтгэлийн буртаг бурангуйгаа шийдэхийг хүссэндээ л ламд очдог. Лам хүний үүрэг бол бусдад туслахад л оршино.

-Маани сургаал бол тусдаа зүйл гэж үү?

-Маани мэгзэм бол бясалгалын нэг хэлбэр. Бид мухар сүсгээс цааш халих хэрэгтэй байна. Лам гэхээр л мэргэлдэг бараг шид үзүүлдэг хүн, хийд гэхээр л аливаад арга чарга хийдэг үйлчилгээний байгууллага гэж ойлгож байна. Биш юм аа, хийд гэдэг чинь сургуулийн газар шүү дээ. Өнөөдөр хийд дээр зовлонд унасан хүмүүс л ирж байна. Эсрэгээрээ би жаргалтай хүмүүсийн очдог газар байгаасай гэж хүсэж байна. Тэнд хүмүүс очоод аз жаргалыг мэдэрдэг байгаасай. Тийм байвал зөв. Тийм байж чадахгүй байгаа болохоор өнөөдөр шашин, сургуулийн газар хүний зовлон дээр амьдардаг газар болчихож. Лам хүнийг ч буруу ойлгодог болсон. Ер нь би ганц л зүйлийг хэлмээр байна. Лам ч байна уу, бөө, христосын хүн байна уу хамаагүй, хайрлаж байна уу, нигүүлсэж байна уу, тусалъя гэж хичээж байна уу, ойлгож байна уу гэдгээр нь л тэнд шалгуур тавья. Давхар ашиг сонирхол байвал харин тэр буруу.

-Миний гарт маани сургаалын орчуулгын эмхтгэл байна. Та бүхний ийнхүү монгол хэл рүү орчуулсан нь мухар сүсэг гээч зүйлээс ангижирч байгаа нэг хэлбэр гэж ойлгож болох уу?

-Зарим талаар тэгж ойлгож болно. Орчуулсан байна гэдэг чинь чи ойлгохгүй зүйлгүй болно гэсэн үг.

-Тэгэхээр бүх маани мэгзэм цаашид ийм болох боломжтой юу. Бүх хурал, сүм хийд монголоор хурал хурдаг болох уу?

-Энэ дээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Яах аргагүй орчуулж болдоггүй тарни гэж бий. Тарни бол дуу эгшиг авианд нь адистэдийг нь шингээж өгсөн байдаг. Монгол руу орчуулбал өөр авиа болчихно, чадал нь буурна. Харин зарим тарни бусад төвд үгийг орчуулж болно. Яагаад болохгүй гэж. Гэхдээ үүнд бас хоёр хандлага байна. Би ажиглаж байхад хүмүүс монгол руу орчуулангуут номын цаана байгаа гүн утга заримдаа буудаггүй. Товчлоод маш богинохон үг болгохоор хүмүүс “Өө нөгөө уншуулаад байсан ном маань ердөө л энэ юм уу” гэсэн дурамж хандлага гардаг. Гэтэл тэр ганцхан үгийн цаана бүтэн боть номоор тайлбарлахаар утга байх тохиолдол бий. Ийм тохиолдолд магадгүй мухараар “Аа энэ бол агуу” гээд сүсэглэх нь илүү болчихож байгаа юм. Сургаал ном гэж бий. Таны гарт байгаа уншлага бол ерөөл магтаал юм. Үүнийг орчуулж болно. За мөн, бодитой сургаалууд бий. Үхэл, үйлийн үрийн тухай гэдэг ч юм уу. Тийм сургаалуудыг бүгдийг нь орчуулаад, орчин үеийн хүмүүсийн хэлэнд ойлгогдохоор буулгаад, амьдрал дээр нь тохиолддог үйл явдалтай нь шингээж уусгаж өгөөд, бясалгал болгох учиртай. Үүнийг хэн хийх вэ. Мэдээж лам нар хийх ёстой. Би ийм л бодолтой байдаг.

-Эрдэнзуу хийдийн 25 дахь хамба нь та. Магадгүй хамгийн залуу нь байх.

-Залуу залуу, гэхдээ манайд дандаа залуу хүүхдүүд байгаа болохоор хийддээ ахмад нь болчихно.

-Эрдэнэзуу бол шашин номын, буддын түүхийн сүсэг төрөм том өв бүхий газар. Магадгүй залуу гэж асуусны шалтгаан юу гэхээр бүх л салбарт үе эргээд удаагүй байна. Залуу хамбын хувьд та юу хийх зорилготой байна вэ?

-Би хувьдаа ингэж боддог юм. Хамба лам гэдгийг орчин үед юу гэж ойлгох ёстой гэхээр энэ бол гүйцэтгэх захирлын ажил үүргийн хуваарилалттай цол зэрэг биш. Харин Төлөөлөн удирдах зөвлөл гэж ярьдаг, тийм зүйл юм. Компанийн гүйцэтгэх захирал шиг өдөр тутмын ажилд оролцож болохгүй. Янз бүрийн санхүүгийн асуудал гэдэг ч юм уу, тийм зүйлд оролцох ёсгүй. ТУЗ-ын дарга буурь зааж суух ёстой. Тэр ч утгаараа жинхэнэ ном, бясалгалын ажлаа урьтал болгож хүмүүсийг соён гэгээрүүлэхэд зүтгэх учиртай юм. Тэр нь зөв. Гэтэл өнөөдөр энэ зарчмаар байж чадахгүй байгаа учраас Хамба лам нар номынхаа ажилд хүч тарамдаж байгаа. Мэдээж гүйцэтгэх ажлын олон зүйлд оролцоо байх ёстой юу гэвэл ёстой. Бусдад туслах ажил хийх хэрэгтэй. Орхигдуулж болохгүй. Ядуу зүдүү хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах ажилд бид идэвхтэй ажилладаг. Хоригдлуудад сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлж ажилладаг. Байгаль орчны чиглэлээр уламжлалт аргаар ажиллаж байна. Хог цэвэрлэдэг, яадаг юм тийм биз дээ. Бусдыг зөв зүйтэй зүйлд уриалдаг. Ашгийн байгууллага бол биш шүү дээ, сүм хийд. Олон нийтийнх байх учиртай. Яваандаа зарим зүйл өөрчлөгдөнө. Одоо бол зовсон хүмүүсийн очдог газар байлаа гэхэд цаашид аз жаргалтай хүмүүсийн цугладаг газар болно. Зовлонтой хүмүүс зовлонгоо мартдаг, өөрчлөгддөг, бясалгадаг, ухаарал, гэгээрлийг түгээдэг газар болно гэж итгэдэг.

-Орон нутагт сүм хийдүүдийн хүний нөөц ямар байдаг вэ. Шашин сургуулийн газрынхаа хувьд. 

-Хөдөө орон нутагт лам байна гэдэг хэцүү болсон. Яагаад гэхээр ном заах багш нар байхгүй болчихлоо. Тэгэхээр лам хүн гэдэг чинь сурагч хүн. Өөрөө өөрийгөө сургах боломжгүй. Яах аргагүй, уншаад, цээжлээд сурчихаж байна. Гэтэл яг гүнзгий судлах, ном хаялцах түвшинд багшийг эрэлхийлэхээс өөр сонголтгүй болчихож байгаа юм. Тийм багш нар хөдөө байхгүй болохоор яах аргагүй төв рүү орж байна. Нөгөө талаар шашны сургалтын систем бага зэрэг буруу яваад байна л даа. Ерөнхий боловсролын хичээлүүдийг маш сайн зааж өгөх хэрэгтэй. Гурван яст мэлхий дээр дэлхий тогтдог тухай үлгэрт итгэчихсэн хүнд ямар сүсэгтэн итгэх юм. Интернет, орчин үеийн бүх юмыг ашигладаг болмоор байна. Яагаад болохгүй гэж тийм үү. Тэгээд хөдөө орон нутгийн шашны төв байгууллагууд нь бусад сум нутгийн газруудтай уялдаа холбоотой ажиллаж, шавь нараа сургадаг байх хэрэгтэй. Тэгээд ламыг хянаж байгаа зүйл алга. Та жишээ нь үсээ хусуулаад, дээл өмсөөд “Би Эрдэнэзуугийн зурхайч лам байна аа” гээд явахад хэн ч мэдэхгүй. Чи энд тэнд явж, зөндөө мөнгө олно. Чамайг хянах хэн ч байхгүй. Ийм байдлаар лам биш байж, сахил санваар, ёс суртахуун үгүй атлаа хувцас өмсчихөөд явж байгаа хүмүүс олон байна. Энэ бол үнэн. Тэгэнгүүт тэр хүмүүсээр сүсэгтнүүд бусдыг нь төсөөлдөг болчихно. Гэтэл жинхэнэ лам хэзээ ч өөрийгөө зарладаггүй. Гэртээ суугаад номоо уншаад, бясалгаад сууж байдаг. Хүн эрдэмтэй болох тусам улам даруухан болдог. Тийм болохоор харагдаж байгаа, өөрийгөө зарлаж байгаа лам нараар нийгмийн төсөөлөл бий болоод байна. Болж өгвөл бүх лам нарыг адистатчлалд оруулж, үнэмлэх олгомоор байгаа юм. Манай хийдэд архи дарс уусан болохгүй лам байгаа бол хөөгөөд явуулчихлаа гэхэд аль дуртай сүм нь авч байна шүү дээ. Ямар утга байгаа юм. Дээр нь сүм хийд байгуулах зөвшөөрлийг төр буюу Иргэдийн төлөөлөгчдийн хурал өгдөг. Магадгүй чи хэдэн төлөөлөгч таних бол хийд байгуулчихаж болж байна шүү дээ. Хийд байгуулах нь ашигтай шүү дээ. Ийм байна. Гэхдээ ингэмээргүй байгаа юм.

-Энэ нөхцөлд юу хийх ёстой вэ?

-Дээр хэлсэн хандлагуудыг л болиулмаар байгаа юм. Тэгээд зөв зүйтэй бясалгал, гэгээрэл, ухаарлыг номлодог, лекц зохион байгуулдаг болж яагаад болохгүй гэж. Иймэрхүү зүйлсийг номоор нь хийгээд эхэлбэл өнөөдөр лам нарын тухай, шашин номын тухай буруу зөрүү ойлголтууд арилж эхэлнэ.

-Бүх зүйлд, “Бурхан”-д хүртэл менежмент хэрэгтэй гэдэг шиг ийм менежмент үгүйлэгдэж байна гэж хэлж байна уу?

-Тийм шүү (инээв). Нэг хэсэг нь мөн. Номондоо сайн байя, буцаагаад тэр бүхнээ өөрийн дотроо хадгалах бус бусадтай хуваалцъя, түгээе, халгиаж цалгиаж гаргая. Энэ чинь л бидний хүсээд байгаа юм. Зөвхөн лам хүн ч биш эгэл албан хаагч хүн ч байсан энд тэнд сайн сайхныг бий болгох ёстой. Энд тэндгүй олон зул асааж, орчноо гэрэлтүүлэх учиртай. Нэг л өдөр бүгд нэлийгээд гэрэлтэх тийм л гэрлийг бид асаагаад яваасай гэж хүсдэг.

-Магадгүй таны ярихыг хүсэхгүй сэдэв рүү орж болох уу. Монголын бурхан шашны тэргүүн жанч халаад багагүй хугацаа өнгөрлөө. Түүний хойт дүрийг тодруулах тал дээр шашны байгууллагууд харилцан адилгүй байр суурьтай, магадгүй зөрчилдөөнтэй байдалтай явна гэх яриа ч гарч байна. Эрдэнэзуу хийдийг төлөөлөх учиртай хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Нэг зүйлийг санаж ав. Гэгээрсэн хүн л гэгээрсэн хүнээ танина. Хувилгаан хүн л хувилгаанаа мэднэ. Бид өөрсдөө гэгээрээгүй, бид хувилгаан биш, харин ч харанхуй мунхаг байж “Түүнийг тодруулна, түүнийг биш” гэж ярих нь тэнэг хэрэг.

-Тэгэхээр хойт дүрийг нь тодруулахгүй юм биш биз дээ.

-Цаг нь болохоор гараад ирнэ. Гараад ирэг. Цаг нь болохоор гэгээрсэн хутагт, хувилгаад нь тодруулна. Түүнд бид оролцох шаардлага байна уу. Оролцох гээд санаа зовинох шаардлага байна уу. Мэдэхгүй юмыг удирдан залж болохгүй. Өөрийгөө өөрчлөх тухай л сүм хийд дотор ярилцах учиртай болохоос бусдыг өөрчлөх гэж ярьж болохгүй. Зүгээр л хүлээ л дээ. Далай лам гурван настай даа тодроод л гараад ирсэн. Данзанравжаа гэгээнтэн гэрэлтээд л, цаг жамаараа тодорсон. Моцартын авъяас билэг нь гурван настайд нь илэрсэн. Гарч ирэх болоогүй бол болоогүй биз ээ гээд л бодож явъя л даа.

-Эрдэнэзуу хийдийн тухайд Гандантэгчинлэн болон бусад томоохон хийдүүдтэй ямар хамтын ажиллагаатай байдаг вэ. Гадаад харилцааны хувьд?

-Гандан дээр Тэргүүн лам нарын зөвлөл гэж байдаг. Нэг ёсондоо Монголын Бурхан шашны парламент. Тэнд гуч орчим хүмүүс ордог. Бүх аймгийн төвүүдийн болон уламжлалт том хийдүүдийн тэргүүн лам нар хамаардаг. Тэндээс нэг ёсондоо журам дэг жаяг, стандарт зэргийг сүүлийн тав зургаан жилийн турш зохих хэмжээнд нь хийж ирлээ. Гэхдээ тодорхой биелэлээ олтол цаг хугацаа ордог юм байна. Магадгүй энэ дээр монгол хүмүүс жаахан маргалдах дуртай тал нь олон зүйл дээр илэрдэг шигээ харагдаад байж болох юм. Зөрчил байгаа. Зөрчил байснаараа юм цэгцэрнэ. Цаг хугацаа харуулах биз дээ.

-Ярилцсанд баярлалаа.