“Манба Дацан” хийдийн хамба лам Д.Нацагдоржийг 2015 оны “Соён гэгээрлийн цуврал” ярилцлагын булангийнхаа салхийг хагалуулж, анхны дугаартаа урилаа. Түүнтэй бурханы шашнаар дамжуулан оюун санааны гэгээрэлд хэрхэн хүрч болох талаар хөөрөлдсөн юм.

-Монголын ард түмэн олон мянган жилийн туршид буддын шашныг хөгжүүлж ирсэн. Гэхдээ яг хэдий үеэс энэ шашин манайд дэлгэрсэн юм бол?

-Хүннү гүрний үед ч гэсэн Монголчууд бурхны шашинтай байсан гэж түүхч судлаачид үздэг. Тэр нь ч батлагддаг юм. Нөгөөтэйгүүр, бурхан багшийн шашин Энэтхэг оронд анх удаа номлогдож, дэлгэрсэн тэр цагаас торгоны замаар дамжин Монголд орж ирсэн түүхтэй.

Үүнийг бурханы шашны түрүү үеийн дэлгэрэлтийн үе гэж үздэг. Монголчууд яагаад бурханы шашныг авч судалсан бэ гэдэг нь маш чухал. Дэлхий ертөнц дээр Будда, Есүс Христ, Лал гээд олон шашны чиглэл, урсгал ном сургаал тухайн үед дэлгэрч байжээ.

Тэр үеийн соёлт хүн төрөлхтөн үүнд тодорхой дүгнэлт хийж үзсэн байдаг юм билээ. Ингээд бурханы шашин бол үнэхээр их чухал, гүн гүнзгий үнэний ном юм байна гэдгийг тэр үеийн хүмүүс судалж, хүлээн зөвшөөрөөд тэр шашныг авч хэрэглэсэн. Өнөөдөр орчин цагт ч гэсэн бурханы айлдсан  сургаал ном бол шинжлэх ухааны олон салбарт маш их нөлөөтэй, үнэхээр шинжлэх ухаанч шашин, онолтой сургаал гэдэг нь батлагдсаар байгаа.

Бурханы шашин нь их, бага таван ухаан буюу нийт 10 ухааны хэмжээнд бүхий л ертөнц болон ертөнцөөс гэтэлсэн ухааныг багтаан судалж шинжилсэн байдаг. Тиймээс  ч бурхан багш айлдахдаа энэхүү сургаал ном нь үнэн, нотлогдож батлагдчихсан ухаан хэмээсэн. Тухайлбал, алт худалдаж авах гэж байгаа хүн үнэн худлыг нотлохын тулд эхлээд алтаа хайлуулж үздэг.

Гулууз алтыг бол хөрөөдөж үзээд дундаа өөр ямар ч зүйл ороогүй шижир юм байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Эсвэл бүр жижигхэн үртэснүүд болтол нь хуурайдаж, сорьцыг шалгуулж батлуулсанаар үнэхээр тунгаамал алт гэдгийг нотолж үзсэний үндсэн дээр үнэмшиж худалдан авдаг.

Түүн шиг бурханы сургаал ном бол аль ч талаас нь судалсан өнөөдөр XXI зууны шинжлэх ухаантай ч яв цав тохирно. Дараа дараачийн зууны шинжлэх ухааны төвшинд ч гэсэн баталгаатай. Тийм учраас энэ бол үнэний ном, хаашаа ч хөдлөшгүй үндэс суурьтай юм.

-Энэтхэг, Төвд, Монголыг номт гурван улс гэж ярьдаг. Азийн бусад оронд ч буддын шашин дэлгэрсэн мөртлөө яагаад энэ гурван улсыг онцлон үздэг юм бол? 

-МЭӨ үеийг бурханы шашны түрүү үеийн дэлгэрэлттэй хамруулан авч үздэг. Бурханы шашин ганцхан Энэтхэгт түгэн дэлгэрээгүй. Азийн орнуудад түгэн дэлгэрсэн.

Тэр үед хятадууд ч авсан байдаг. Төвдүүд ч бас бурханы шашныг авч судалсан. Бурхан багш номоо номлохдоо их, бага хөлгөний ёс гэж номлосон юм. Бага хөлгөний ёс Азийн орнуудаар нэлээд түгээмэл дэлгэрсэн.

Их хөлгөний шашин бол ерөнхийдөө Монгол, Төвд хоёрт гол дэлгэрэлтүүд нь бий болсон байдаг. Их хөлгөний шашин Пакистанд хүртэл байсан.

-Одоо бурханы шашин Пакистанд байдаг юм болов уу. Лалын шашинтай л гэж ойлгодог шүү дээ?

-Пакистанд одоог хүртэл бурханы шашин байна. Тэнд сүм хийдүүд ч байгаа шүү. Энэхүү дунд үеийн дэлгэрэлтийн хугацаанд Богд лам, шар, гэсэн урсгалууд байсан юм. Тэдгээр урсгалыг Монголчууд бүгдийг нь хөгжүүлсэн байдаг. Тэр үедээ Монгол, Төвдүүд гэлүгва,нямаба, сажийн шашины урсгалыг ихээхэн судалж дэлгэрүүлсэн байдаг.

Төвд, Монгол хоёр бол бурханы шашныг өнө удаан хугацаанд маш сайн судалж хөгжүүлсэн ард түмэн л дээ. Өнөөдрийг хүртэл Монголчууд бурханы шашныг авч явсан. Энэ нь Монголын ард түмний оюун санааг ямар зөв мэргэн үнэний сургаалаар удирдаж явах вэ гэдгийг л сонгож авсан хэрэг юм. Тиймээс Монголчууд бурханы шашны номыг мухар сүжгээр бус онол номын дагуу судалж амьдралдаа хэрэглэж ирсэн.

Ард түмний дунд яригддаг зүйр цэцэн үг, сургаалууд нь буддын номоос эхтэй. Тухайлбал, олны дунд үгээ шинж, ганцаараа суухдаа сэтгэлээ шинж. Биеийг нь төрүүлсэн болохоос биш сэтгэлийг нь төрүүлээгүй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэх мэтээр бий л дээ.

Энэ бол бурхан айлдсан сургаалыг л Монголчууд өөрсдийн эх хэл, ёс зан заншилдаа ихээхэн нэвтрүүлсэн байдаг. Үйлийн үр болон хүний ертөнцтэй холбоотой олон сургаалыг ийнхүү Монгол хүнийхээ чихэнд чимэгтэй, сэтгэлд нь ургаж бодогдож байхаар орчуулж хэрэглэсэн.

-Тэгвэл өнөөдөр тэр үнэн хааччихав аа. Ном хаачив. Ёс хаачив?

-1921 оноос хойш Монголчууд хэт шашингүй үзэлтэн болж харийн орны үзэл бодолд автагдаж түүх соёлоо гадныхантай нийлж өөрсдөө устгасан. Энэ их гай барцадаас болж Монголын оюун санаанд байсан том сургаал номууд өнөөдөр хаягдан хоцорч байна л даа. Цаашид гарах үр дагавар нь ерөөсөө бид ариун сургаал, үнэний номоос холдож байгаа явдал юм.

Маш олон сүм хийд, эрдэмтэн хувраг, хутагт хувилгаадаа бүгдийг нь нэг хэсэг устгууллаа шүү дээ, бид. Үүнээс болж хүмүүс айгаад “Ер нь ийм зүйл ярьж болохгүй юм байна” гээд олон жил мартагнаж эхэлсэн.

Үр хүүхэддээ зааж хэлдэг байсан үгээ “Энэ шашинтай холбоотой байх” гэж бодоод хаяж явснаар бид их мэдлэг, оюунаа гээж орхигдуулсаар ирлээ. Нөгөөтэйгүүр, 1990 онд Үндсэн хуулийг батлахдаа төр шашин хоёр тусдаа гээд хийчихсэн. Энэ бол Монголын бурханы шашныг хөгжихөд их гай тотгор болж байгаа юм.

-Яагаад та ингэж бодож байгаа юм бэ?

-Төр шашин хоёр тусдаа гэдэгт хүний шүтэн бишрэх эрх, ялгаварлан гадуурхсан үзэл бодол нуугдаж байгаа. Хар хүнд ч сүжиг бишрэл, буян байдаг. Гэтэл лам хүнд “Чи зөвхөн бурханы шашнаа л судлаад яв. 

Төрийн ажилд оролцохгүй шүү” гэдэг нь юу гэсэн үг вэ. Хүнээ мэргэжлээр нь ялгачихсан. Бүр хуулиараа зааж байгаад шүү.

Монголын бурханы шашны хөгжилд асар том саад бэрхшээл буй болчихсон.

Энэ нь 70 жил шашнаас ямар их айж байсныг харуулж байна. Өөрөөр хэлбэл, үнэний сургаалаас айж байсны тод гэрч. Гэтэл өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч гарч ирэхдээ Библи дээрээ гараа тавьж байгаад Ерөнхийлөгчийн тангарагаа өргөдөг биз дээ.

Энэ нь ямар ч хүний сэтгэлд шашин байдаг, шашин бол хүний эрхэмлэж явах ёстой зүйл гэдгийг харуулж байна шүү дээ. Гэтэл бид өөрөөр явж байна. Иймэрхүү байдлаас болж Монголын бурханы шашны хөгжилд асар том саад бэрхшээл буй болчихсон байна.

-Гэхдээ 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш шашин харин ч хөгжөөд байгаа юм биш үү. Хөгжих хөгжихдөө бүр Христ, Бахай зэрэг олон шашны урсгалууд орж ирж байна л даа?

-Хүмүүс тэгж харж байгаа. Гэхдээ бурханы шашин хүмүүсийг манайд элс, тэг, ингэ шаарддаггүй. Бурханы шашинд бусдын эрх чөлөө шүтэн бишрэх эрхийг хүндэтгэн үзэж албадаж шашиндаа оруулдаггүй.

Эрдэнэт хүмүүний төрлийг олсон бол эрдэм номтой болж, хүн болж төлөвших ёстой. Хүн болж төлөвшихөд ертөнцийн болон ертөнцөөс гэтэлсэн үнэний номыг судалж бусдын тусыг чухалчлан бүтээж энэрэл асралын сэтгэлээр баялаг байж эх болсон зургаан зүйл хамаг амьтныг эн тэнцүүхэн үзэж гэгээрэлд хүрэх номыг сургаж хөтөлдөг.

Эрдэнэт хүмүүний төрөл чинь буянаар олдсон төрөл. Тиймээс нүгэл хийж болохгүй. Амьтны амь битгий тасал, бусдыг хохироож хулгай бүү хий гээд сургаад, үүнийг тэвчээд ирэхээр нийгэм аяндаа ариусдаг.

-Ямар ч шашинд хулгай хий гэж сургадаггүй. Бүгдээрээ л цэвэр ариун зүйлийг заадаг. Монгол хүмүүсийг ажиглахад гэнэн эсвэл тэнэг гэх нь хаашаа юм. Их итгэмтгий юм шиг харагддаг. Гэхдээ яг алинд нь итгэж, шүтээд байгааг би хувьдаа ойлгодоггүй. Өглөө гандан гараад ламаар хийморийн сан тавиулж, ном уншуулдаг. Өдөр нь Христийн сүмийн цуглаанд очоод суучихна. Орой нь гэртээ бөө бөөлүүлээд сууж байх жишээтэй шүү дээ?

-Амьтан бүхэн өөр өөрийн үйлийн үртэй. Тиймээс хүн бүхэнд үйлийн үрийн сонголт байгаа.

Амьтан бүхэн өөр өөрийн үйлийн үртэй. 

Харин зөвийг сонгож эрдэнэт хүмүүний сайн төрлөө үр ашигтай өнгөрөөх үү, бурууг сонгож бузар нүглийн замаар явах уу гэдэг нь хувь хүнээс хамаарна.

Ард түмнээ зөв үзэл бодолтой болгон төлөвшүүлэхэд төр шашин тусдаа гэсэн үзлээр биш хамтарч туслах ёстой.

-Өнөөдөр Христийн сүмүүд хороо болгонд загалмайтай байшин  босгож байна. Тэд нүдэнд харагдахуйц асар их зүйлийг хийдэг. Буддын шашин ч бас сургалт, сурталчилгаагаа ингэж явуулж болно шүү дээ?

-Бурханы шашинтнууд ч зүгэээр суугаагүй. Олон түмэнд ном сургаалынхаа ач тусыг үзүүлсээр байгаа. Бурханы шашныг өнгөрсөн зуунд хамгийн болохгүй ном сургаал мэтээр олон жил буруугаар сурталчилж, ард түмний оюун санааг хиртүүлж түүнээс холдуулсан. Тэр байдлыг нь гадны шашны хоцрогдсон урсгал ашиглаж байна.

Үүнийг төрийн зүгээс хянаж, ард түмэнд зөв мэдээлэл өгдөггүй. Энэ байдал даамжирвал Монголын ард түмнийг өөр хооронд нь оюун санаа, шашны үзэл бодлоор нь хямралдуулна.  Ер нь төр шашин тусдаа гэснээр ард түмний оюун санааны хөгжил, үзэл бодол, эх оронч сэтгэлгээ нь нэгдмэл байдалгүй болж болзошгүй.Монголчууд өөрсдийн оюун санааг гэгээлгээр удирдан чиглүүлж, нийгмээ ариун ёс суртахуунтай авч явах буддын сургаал ном, өв уламжлал хангалттай бий. Ард түмэндээ энэхүү бурханы шашны гүн үзэл бодол, хүмүүжлийг төлөвшүүлэн зааж сургаж хойч ирээдүй үеээ зөв боловсон хүн болгон төлөвшүүлэхэд төр шашны талаас аль аль нь анхааран үзэх цаг болсон.

Бурханы шашны хүнийг хүмүүжүүлдэг, нийгмийг ариусгадаг үнэний номыг өнөөдөр ард түмэндээ багаас нь буюу цэцэрлэг, сургуулийн хөтөлбөрт нь оруулж заагаад улс үндэстнээ цаашид оюун санааны хувьд эрүүл болгох хэрэгтэй.

-Нийгэм ариусахад хэдий хэрийн хугацаа хэрэгтэй вэ. Одоо үнэндээ нэгэн үеийнхэн ингээд өнгөрлөө шүү дээ?

-Монголчууд цоож хийж чаддаг ард түмэн мөртлөө гэрийнхээ үүдийг түгждэггүй байсан үе бий. Жишээ нь 12 өргөстэй цоож хийж байсан мөртлөө гэрээ яагаад түгждэггүй байв. Тэр үед хулгай хийх асуудал бараг байхгүй болчихсон цаг үе байсан. Үүнийг хэдэн зууны туршид бурханы шашны сургаалаар дамжуулан сургасан байсан юм.

Энэ хэрээр нийгэм ариусч байжээ. Гэтэл одоо хоёр давхар төмөр хаалгаа цоожлоод байхад нь эвдээд орж байна шүү дээ. Нийгэм өнөөдөр ямар их оюун санааны доройтолд ороо вэ гэдэг нь илт харагдаж байгаа. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл ямар ч хүний сэтгэлд бурханлаг чанар байдаг юм.

Өөрөөр хэлбэл, хүний сэтгэл бурханлаг ёс суртахуунаа нэхээд байхад нь төр “Чамд тэр хэрэггүй ээ” гээд анхаарахгүй байж болохгүй. Лам нар улсын хуулиас гадна үйлийн үрийн хуульд илүү итгэж өөрийн бие, хэл, сэтгэлийн үйлийг хянаж байдаг нь олон сайн талтай.

Гэвч Монголын бурханы шашныг хөгжүүлэхэд лам хуврагууд ч нэгдсэн бодлоготой явмаар байна. Бурханы шашны энэ их өв соёлыг дараа дараагийн үедээ хэрхэн үлдээх вэ гэдгийг лам хувраг, сүсэгтэн олон, төр засаг аль аль нь анхаармаар байгаа юм. Тиймээс бид бүгдээрээ нийгмийнхээ сайн сайхны төлөө хариуцлага хүлээж сурах хэрэгтэй.

-Номын дэлгүүрт хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлээр зөндөө ном зарагддаг болжээ. Үүн шиг хүний сэтгэлийг засч, хөгжүүлдэг номыг яагаад хийж болохгүй гэж. Тэгвэл ард иргэдээ гэгээрүүлэхийн тулд магадгүй ийм номууд хэрэгтэй юм биш үү?

-Төр, шашин тусдаа гэж үзэлгүй эрдэмтэй лам хуврагуудынхаа хүчийг ашиглаад сургалтуудыг нь дэмжээд, номыг нь бичүүлж, зааж сургахад нь туслаад арга билэг шиг сүлэлдэн явбал улс хөгжинө.

Хүний сэтгэлд төр ч, шашин ч байдаг. Гэхдээ зүгээр нэг ном гаргаад энэ эрдмийг сурахгүй л дээ. Хүнтэй чинь байнга ажилладаг юм.

Эхлээд сайн, муугаа ялгаж мэдэх хэрэгтэй шүү дээ. Хүний оюун санаагаар хамаа замбараагүй оролдож болдоггүй. Гэтэл сүүлийн үед зарим бясалгал иргэдийг бүр солиоруулчихлаа. Маш гүнзгий бясалгалуудыг ямар ч утга учиргүй болгочихно.

Хүнийг бясалгалд суулгахаасаа өмнө эхлээд 10 гаруй жил номжуулдаг. Номтой болгож байж бясалгал хийлгэх үү, үгүй юу гэдгийг тэр үед нь багш нь мэдээд удирдаж явуулдаг юм. Гэтэл өнөөдөр номгүй хүмүүс бясалгал хийхээр сэтгэлээ удирдах чадваргүй болчихоод байна шүү дээ. Ингээд л буруутаад байна.

-Ангархай га, амны ха ч үгүй хүмүүс төвд хэл дээр бичигдсэн тэр эрдэм мэдлэгийг авч чадахгүй гэж үү. Тэгвэл орчин үеийн хүмүүсийн сурснаар нь крилл бичигт нь буулгачихаж болдоггүй юм уу?

-Хүнийг эрдэмжүү­лэхэд анхан шатнаас нь гүнзгийрүүлэн зааж байж л сурна. Үүнийг багш хөтөлдөг. Ер нь энэхүү хүнийг хүмүүжүүлдэг, ёс зүйтэй болгодог, нийгмийг амар амгалан байлгадаг номыг зөвхөн лам хуврага мэдэж заахаас гадна ард нийтээрээ энэхүү номыг сурч судалж дараа үедээ өвлүүлж үлдээхэд хүн бүрийн үүрэг оролцоо чухал.

Хүнийг эрдэмжүү­лэхэд анхан шатнаас нь гүнзгийрүүлэн зааж байж л сурна. 

Энэ чиглэлээр хийж буй ажлын эхлэл зөндөө. Гэвч бидний хүч бас дутаж байна. Монголынхоо ард түмнийг гэгээрүүлэх, хүмүүжүүлэх, ёс зүйтэй болгоход нь төрийн дэмжлэг ч бас хэрэгтэй. 

Хэдэн мянган жилээр уламжлагдаж ирсэн сургалтын арга, чиг хандлага нь уг нь манайд бий шүү дээ. Монголчууд их ухаантай ард түмэн. Ухаанаа улам боловсруулж хөгжүүлэхэд бурханы бодит үнэний номууд их тустай. Бид энэ сайхан номыг авч үлдсэндээ бахархах хэрэгтэй юм.

-Ном гэснээс оны өмнөхөн Тач Нит Хан ламтны мэргэн бодол санааг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр орчуулж, та редакторлаж “Таны жинхэнэ гэр орон”-ыг бүтээсэн. Уншихад хүнийг залхааж ядраахааргүй богино тексттэй. Тэгсэн хэр нь хүнийг сэтгэл рүүгээ өнгийж харахад тус нэмэртэй юм билээ?

-Аливаа нэгэн зүйлийг хийж бүтээхэд бурханы шашин тэвчээр хатуужил гэдэг зүйлийг их сайн сургадаг юм. Хүний амьдрал бол тэвчээрийн шалгуур байдаг. Гэтэл өнөөдөр залуучууд тэвчээр хатуужилгүй байна.

Бүх зүйлийг хийсвэрээр ойлгодог болжээ. Түүнээсээ болж амьдралд хөл алдаж байна. Тиймээс залуу наснаасаа тэвчээр хатуужилд сурах хэрэгтэй. 

Үүнийг даван туулах ухаанд энэ ном сургана. Өөрөөр хэлбэл энэ номыг уншиж судалснаар өөрийгөө хянах, оюун санаагаа сэрээх, хөгжүүлэх талд ач тусаа өгнө дөө.

Эх сурвалж: ikon.mn