Ашока Хааны суварга хэмээн алдаршсан Бурханы шашныг түгээн дэлгэрүүлэх бэлэгдэлтэй энэхүү суварга Монгол улсад анх удаа сүндэрлэж байгаа нь гайхамшигтай буянтай үйл билээ.
Бурхан багш МЭӨ 544 онд их нирваанд орсноос хойш 200 жилийн дараа Энэтхэгт Ашока нэртэй их эзэн хаан гарсан бөгөөд тэрээр цэрэг зэвсгийн хүчээр одоогийн Энэтхэгийн газар нутаг мөн өнөөгийн Афганистан, Пакистан, Балба, Бангладеш зэрэг орнуудыг нэгтгэн нэгэн тугийн дор захирах болжээ. Ийн дайн хийж явахдаа эрсэдсэн олон цэргүүдийг хараад сэтгэл нь ихэд шаналан гэмшиж явсаар Бурханы шашинтай учирч дотоод сэтгэлийн хосгүй дээд амар амгаланг олсон цагаас хойш номын мөрд орж Догшин Ашока бээр Номын Ашока хэмээгдэх болсон бөгөөд ийн өөрчлөгдсөн тэрбээр төгс гэгээрэлд хүрсэн хуврагуудын хамт МЭӨ III зуунд Бурханы лагшан мэндэлсэн Лумбини,төгс гэгээрэлд хүрсэн Бодгаяа,номын хүрдийг анх эргүүлсэн Сарнат, нирваан дүрийг үзүүлсэн Кушинара зэрэг дагшин газруудаар номын мөргөлөөр аялан явахдаа дээрхи дөрвөн ариун дагшин газруудыг тэмдэглэн энэхүү номын их суваргыг анхлан босгосон бөгөөд сүүлд XIX зуунаас эхлэн энэ суваргыг судалсан Англи тэргүүтэй орны эрдэмтэд Ашокийн багана(суварга) хэмээн нэрийдэх болсон билээ.
Үнэндээ энэ нь Бурханы дээдийн номыг хүндэтгэн мөнхжүүлэн босгосон анхны номын их суварга байсан юм. Энэ суварганы оройд байгаа номын хүрд хийгээд түүний дор буй дөрвөн зүгрүү харсан арслан нь Бурханы айлдсан дээдийн ном сургаал арслангийн архираан мэт дөрвөн зүг найман зовхист цууриатан дуурсаж түгэн дэлгэрэхийн билэгдэл бөгөөд түүний доорхи хүрээнд буй сүр хүчит заан, аргамаг хурдан хүлэг морь,сүргийн манлай бух,мөн араатны хаан арсланг дүрслэсэн нь Бурхан бодисатва байхдаа хүний төрөл хийгээд эдгээр амьтдын төрлийг авч буяны чуулганаа цогцлуулсаар эцэст нь энэ төрөлдөө төгс гэгээрэлд хүрснийг түүний доод талд орших бадам лянхуа цэцгээр илэрхийлжээ.
Энэхүү Бурханы номын их суваргыг өнөө үед Энэтхэг болон дэлхийн олон оронд шинээр босгож байгаа бөгөөд номт гурван орны нэг хэмээгддэг Монгол оронд анх удаа сүндэрлэж байгаа нь гайхамшигтай буянтай үйл билээ.
Энэ түүхэн суварганд Бурхан болон гэгээрсэн хуврагуудын нандин шүтээн залагдсан тул сүсэглэн мөргөн залбирч сэтгэлээ ариусгаваас та бүхэнд агуу их буян болох болой.
Үлэмж үзэхүй Судлалын төвийн багш Д.Ширэндэв энэхүү буянт үйлийг санаачлан хийсэн бөгөөд 2022 оны 5 сарын 16-ны өдөр буюу Зуны тэргүүн сарын шинийн 15-нд тус суварганы нээлтийг хийв.



Ашока хаан бээр олон тооны суврага бүтээх, шашныг тэтгэн дэлгэрүүлэх талаар Бурхан багш иш бошго үзүүлсэн нь Үлгэрийн далай сударт буйг дор сийрүүлэн бичвэй.
АШОКА ХААН
Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн бурхан Ялгууч хаан хөвүүний цэцэрлэгт Ариун идээ өглөгт хаан хүүгийн баясгалант хүрээнд суун авой. Тэр цагт ялж төгс нөгчсөн бурхан Анандтай бинваад идээнд явах замд хэдэн бяцхан хөвгүүд сангийн гэр ба байшин босгож эрдэнэсийн сан болгож, элс овоолж тоглож байв. Тэдний дотроос нэг хөвгүүн бурханыг холоос үзэж маш баясаад буян өргөсүгэй хэмээн сэтгэж, сан болгож тавьсан тэр элснээсээ нэгэн атгыг аваад бурханд өргөвөөс хүүхэд жижигхэн тул бурханы өвдөгнөөс дээш үл хүрэх тул нэгэн хүүхдэд чи бөхийж бай! Би нуруун дээр чинь гараад элсэн санг бурханд өргөсүгэй гэхэд тэр хөвгүүн түүний үгээр бөхийж, нөгөө хөвгүүн түүний мөрөн дээр гараад нэгэн атга элсээ бурханд өргөхөөр тэмүүлэв. Бурхан өмнөөс угтан очиж, бадар аягандаа хийлгэж авав. Түүнийгээ Анандад өгч чи энэ шороог сүм хийдүүдэд цацсугай хэмээн зарлиг болоод энэ өчүүхэн хөвгүүн баясгалант сэтгэлээр надад өөрийн алтан сангаасаа атга дүүрэн өргөснийг сүмд цацсаны буяны ачаар нирваан болж зуун жил болсны хойно тэр хөвгүүн Ашока нэрт болон төрнө. Түүний хэлснээр бөхийж өгсөн хөвгүүн мэргэн түшмэл болон төрж Замбутивийг эзлээд Гурван эрдэнийн эрдмүүдийг хамаг олонд алдаршуулж шарилыг дэлгэрүүлэн тахимой. Замбутивд найман түмэн дөрвөн мянган суврагыг нэгэн цагт үүсгэх болюу хэмээн зарлиг болсонд Ананд баясан биширч ялж төгс нөгчсөн бурханаа ийн хэмээн өчив.
– Түүнчлэн ирсэн бурхан эрт ямар буян үйлдсэнээр шарил дор төдий суврага үүсгэмой хэмээн өчвөөс бурхан зарлиг болруун:
– Анандаа чи сайн сонсоод оюундаа тогтоосугай. Би чамд номлосугай. Эрт энэ Замбутивд биеэрээ Тахин чадагч нэрт хаан бөлгөө. Тэр хаан найман түмэн дөрвөн мянган өчүүхэн хаадтай бөлгөө. Тэр хааны цагт Бурша нэрт бурхан ертөнцөд өөд болж ирсэнд хааны түшмэл сэлт дөрвөн зүйл хэрэглэгдэхүүнийг бэлтгээд бурхан ба хуврагуудад өргөв. Тэр цагт хаан ба улс дахь хамаг хүмүүс нь хүслээрээ бурханыг тахин мөргөөд өргөн хүндлэв. Бусад өчүүхэн хаад нь буяныг үл үйлдэх ажуу. Тэдгээр хязгаар дахь өчүүхэн хаад ба улс иргэдийг номонд оруулахын тулд бурханы хөрөг зурж, өчүүхэн хаадад өгсүгэй хэмээн сэтгэж олон зурагчинг цуглуулан та бүгд бурханы биеийг сайтар зуртугай хэмээн зарлиг болсонд тэдгээр зурагчин нь бурханыг нүдээр үзэхээр одоод бурханы билгийг үзэж зурахуйд энэ билгийг зурваас нэгийг адил эс болсонд зураачид зурж эс чадав. Төдий бурхан өөрөө будаг бэлтгээд нэгэн хөргийг зурж өгсөнд тэдгээр зураачид тэр хөргийг үзээд найман түмэн дөрвөн мянган төгс билигт түүнчлэн ирсэн бурханы хөргүүдийг зурж өчүүхэн хаад тутамд тус бүр нэг нэгийг өгч илгээгээд хаад та нар ба хамаг улс иргэн бүгдээр эдгээр бурханы бие хөргийг цэцгүүдээр ба хүжсээр хамаг хэрэглэгдэхүүнээр тахиад мөргөтүгэй хэмээн тунхаг тараасанд тэдгээр улс иргэн нь түүнчлэн ирсэн бурханы биеийн хөргийг үзээд маш баясан биширч өргөн хүндлэн тахив.
Анандаа! Тэр цагт тэр учир дахь Тахин чадагч хаан хэмээвээс би буюу. Тэр цагт найман түмэн дөрвөн мянган түүнчлэн ирсний биеийг зурж хамаг өчүүхэн хаадад өгсний буян ачаар хаа газар төрвөөс дээд язгуурт тэнгэрийн хаан хурмаст болон төрөөд зүс өнгө лүгээ төгөлдөр болоод эдгээ гучин хоёр билиг ба наян сан үлгэрээр чимсэн илт туулж, бурханы хутгийг олсон бөлгөө. Нирваан болбоос шарилд найман түмэн дөрвөн мянган суврага үүсгүүлэх бурхан тийн хэмээн болсонд Ананд ба олон нөхөд илт баясав. Олон нөхөд даган бишрэв.
НОМЫН ИХ СУВАРГА нээлтийн ёслолын зургуудаас








Үлэмж Үзэхүй Төвийн талаар товчхон

Бурханы заасан Випашяна бясалгалын олон улсын “ДХАММА МАХААНА” төв нь Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотоос баруун хойд зүгт, Чингэлтэй уулын салбар өндөр уулсын дотор, байгалийн үзэсгэлэн гоо төгс бүрдсэн газар, дэлхийн анхны дархан цаазтай газар болох Богдхан уулнаас 30 км, нисэх онгоцны “Чингис Хан” буудлаас 25 км зайд байрлах юм. Хотын төвөөс олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан хүрдэг асфальтан замаар 20 км орчим явж байгаад түүнээс гарч шороон замаар 5 км орчим яваад тэнд очно.